Гүн Г.Аюурзана мэдрэмж


Шүлгийг хүн олж хуримтлуулсан мэдлэгээрээ ч юм уу, амьдралдаа үзэж туулсан туршлагаараа бичдэггүй. Яруу найраг бол хийсвэр сэрэл мэдрэмжийн урлаг. Тиймээс жинхэнэ яруу найргийн өмнө зэрэгцээд зогсох юм бол, олон ном хэвлүүлсэн Ардын уран зохиолч цолтон, анхны шад шүлгээ тэрэлж буй өсвөр насны жаал хоёроос найдаж хүлээх зүйл ив ижилхэн. Яруу найраг бол мөнхийн амьд, яг энэ өнөөдөрт маань л оршин байдаг зүйл. Тэдний хэнээс нь ч сайн шүлэг төрж магадгүй. Басхүү хэн хэнээс нь шүлэг гэж нэрлэж тэнцэхүйц зүйл огт гарахгүй ч байж мэднэ. Насан туршаа яруу найрагч гэгдээд нэг ч шүлэг бичээгүй хүмүүс олон. Хэзээ ч яруу найрагч гэгдээгүй атлаа өврийн дэвтэрт нь гоц мэдрэмжтэй, уран шад тэмдэглээстэй яваа хүмүүс ч цөөнгүй.Үүнийг ихэнх маань олж үздэггүй. Яруу найраг гэж тийм л олонход, ихэнхэд, дийлэнхэд, нийтэд хүртээлгүй урлаг. Хүртээлгүйн буруутан нь мөнөөх л мэдрэмж. Мэдрэмж дутвал тэгээд л яруу найраг үгүй болдог. Өөр зүйлийн тухай ярих ч шаардлагагүй. Яруу найргийн тухай ярианд магтаал зохимжгүй. Таалагдлаа гэдэг үг хэзээ ч ул суурьтай хэмжүүр байж чаддаггүй.

Нөгөө талд нь Таалагдсангүй гэж хэлэх хүн олдоно. Тэр ч бас чухалчлан үзүүштэй үг бус. Юу нь таашаагдав, яагаад таашаагдав, эс бөгөөс юу нь таашаагдсангүй вэ, яагаад сэтгэлд хүрсэнгүй вэ гэдгээ хэлэх юм бол, ултай задлал, дүн шинжлэл гарч ирнэ гэж судлаач шүүмжлэгчид эндүүрдэг. Харамсалтай нь, судлаач шүүмжлэгчдийн дийлэнх нь яруу найрагч болох гэж оролдоод чадаагүй, яруу найргийн амин чанарт хүрэлгүй замаасаа буцагсад байдаг тул, тэдний задлан шинжлэлээс яруу найраг өөрөө огт тэмтрэгддэггүй. Харин ч зарим магтаал, зарим шүүмж яруу найраг тийш дөхөж явсан залуусыг төөрүүлээд буцаачих нь олонтаа.Яруу найргийг тэгээд яаж олж харах билээ?Ахиад л мөнөөх мэдрэмж. Мэдрэмжтэй бичигдсэн үгсийг мэдрэмжтэй уншсаны дараа л бидний оюун сэрэхүйд яруу найраг сая бий болдог. Бичигдсэн нь яруу найраг бус. Уншигдсан нь яруу найраг бус. Бичвэрээс уншигчийн олж харсан мэдрэмжүүд л өөрөө яруу найраг юм. Тиймээс яруу найргийн ном уншчихаад Сайхан ном болжээ, Сайн яруу найрагч төржээ гэх мэтийн айлдвар хэлнэ гэдэг бол үнэ цэнгүй хоосон цэцэрхэл төдий. Яруу найрагт тийм онош огт хэрэггүй. Тийм онош тавиулсан шүлгүүд ихэнхдээ яруу найргийн бүтээл биш байдаг.

Цонхны тавцан дээр тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа ирж буув…Цонх, цонхны тавцан. Тэнгэр, цэнхэр тэнгэр. Тэнгэрийн хэсэгхэн өөдөс, ганцхан дусал. Тагтаа, цэнхэр тагтаа, дусалхан цэнхэр тагтаа…Одоо та яруу найрагчийн нүдээр тэр бүхнийг хар. Цонх. Цонхны тавцан. Тэнгэрийг төлөөлсөн, тэнгэрийн дусал төдий цэнхэр тагтааг хар.Цонхны тавцан дээр тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа ирж буув. Удсан ч үгүй нисэн одов…Нисэн одсон шувууны араас өндөсхийж, бүхий л ертөнц хоосорчих шиг мэдрэмж таны дотор сэрсэн бол энэ яруу найраг юм. Бичигдэхийн ид шид, мэдрэмжийн бүдэгхэн гялбаа. Энэ бяцхан зураглал тэс өөр үгээр ч бас бичигдчих боломжтой. Гэвч зөвхөн энэ хувилбарыг нь л бид олж үзлээ. Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа маань нисээд явчихлаа….Шувууг дагаад бодол эзгүйрч Суусан газрыг нь харцаараа илбэхэд бүлээн оргино. Тагтаа сууж асан цонхны тавцанг харцаараа илбэгч бол уншигч Та юм. Таны дотор мэдрэгдэн буй бүлээхэн амьсгал бол яруу найраг юм. Мэдрэмжийн тухай үүнээс илүү зүйл ярихад хайран байна.Учир нь энэ ном Таныг цааш хөтлөх болно.Зохиолч, яруу найрагч Гүн Г.Аюурзана

error: Content is protected !!