Карантины үед өөдрөг байх гоё үйлдэл


Өглөө бүр өөрийгөө сайхан энергиэр цэнэглэ : Өглөө сэрээд сонссон дуу өдөржин аманд аялагддаг даа. Яг түүнтэй ижил өглөөг ямар энергиэр эхлүүлнэ, бүхэл өдөр яг тийм өнгөрөх магадлал өндөртэй байдаг. Тиймээс өглөө хэн нэгэнтэй ам муруйх, таагүй зүйл бодох, эсвэл хэт хүнд ажлаар өдрийг эхлүүлэхээс зайлсхийгээрэй. Өглөө бүр наранд залбирах, иог бясалгал хийх, маш их хайрладаг 5 зүйлээ бичих, урам зориг өгөх нийтлэл унших, эсвэл сонирхолтой влогуудыг үзэж эхлүүлж ч болно.

Цаг хугацааны уртад нөхөрлөсөөр л байгаа найзуудаа, өглөө бүрийг хамт эхлүүлдэг гэр бүлийнхнээ, өхөөрдөм тэжээвэр амьтнаа, бяцхан дүү нарынхаа аз жаргал өгдөг үйлдлүүдийг бодон талархаарай. Өглөөний 10-хан минутыг гоё зүйлээр эхлүүлэхэд ажлын 8 цаг аз жаргалтай өнгөрөх ч юм билүү?

Шинэ нөхөрлөл бүтээхэд цаг гарга :Ажил, ажил гэж явсаар нэг л мэдэх ажлын хамтрагчдаасаа өөр танилгүй болж байна уу. Тэгвэл карантины үеийг ашиглаад харилцаандаа шинэ уур амсгал оруул. Онлайнаар найзуудтайгаа холбогдож сайхан ярилц, хөөрөлд. Мөн фейсбүүк дээр өөрийн сонирхдог ном уншдаг группт элсэх, өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ч одоо хамрагдах бүрэн боломжтой болсон. Хамгийн гол нь эдгээр үйлдэл нь хоббигоо хөгжүүлэх, танилын хүрээгээ тэлэх боломжийг олгосон юм.

Томоор мөрөөдөж багаар үйлд :Мөрөөддөггүй, мөрөөдөлгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Харин мөрөөдлийнхөө төлөө тодорхой алхам хийдэг, хийддэгүй гэдгээрээ л ялгагдах байх. Ном бичнэ дээ гэж мөрөөддөг хүн, өдөр бүр 5 хуудас бичихэд цаг гаргадаг хүн хоёрын аль нь мөрөөдөлдөө илүү хурдан хүрэх вэ? Нисгэгч болох мөрөөдөлтэй хүн нэг л өдөр онгоц жолоодоод сурчихдаггүй. Заавал сургуульд нь сурч техник эзэмшинэ, олон сар жилийн дасгал сургуулилт хийж үзнэ. Тэгэж байж дэлхий дээгүүр дүүлэн нисэх мөрөөдлөө биелүүлнэ шүү дээ. Яг үүнтэй ижил чи минь мөрөөдөлдөө хүрэх алхмуудыг тодорхой болгож зоригтой, зорилготой урагшлаарай. Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө алхам хийж, түүндээ бага багаар ойртож байгаа хүний амьдрал яаж гунигтай байх билээ?

error: Content is protected !!