Анна буюу Н.Баярмаа: Элбэг хангалуун биш ч гэсэн дэргэдэх хүнээ хайраар дүүрэн байлга


УДЭТ-ын жүжигчин, СТА Н.Баярмаа Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё аянд нэгджээ. Тэрбээр Бид өдөр бүр л хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээллийг авч байна. Харамсалтай нь юу ч хийж чадахгүй сэтгэл өвдөөд өнгөрдөг бол энэ аян бидэнд үгээ хэлэх боломж олгож байгаад баяртай байна. Хүчирхийлэл гэхээр мэргэжлийн хүмүүс том сэдвээр олон талаас нь ярих байх. Харин би хувьдаа үүнийг нийгмийн их том асуудал гэж боддог. Мэдээж тухайн улсын ядуурал, архидалт, сул дорой хөгжил зэрэгтэй хамт яригдах болов уу.

Гэхдээ Монголчууд бид үүнийг ухаарч, дор дороо хичээвэл бага ч гэсэн багасгаж чадна. Бид нэг талаараа их азтай, үргэлж эмэгтэй хүнийг хүндэлж, ээжийгээ хайрладаг ард түмэн. Энэ уламжлал болоод өөрийн хүн чанарын талаас бодоход өөрийг тань хайрлаад, итгээд амьдралаа даатгаад таныг түшээд явж байгаа тэр эмэгтэй хүнийг өрөвдөж хайрлаач ээ. Эмэгтэй хүнийг хүндэлж, хайрлаач ээ.

Ээжтэй чинь л адилхан шүү дээ. Та хажууд дахь хүнээ аз жаргалтай байлгаж чадвал хамтдаа аз жаргалтай амьдарна шүү дээ. Ийм эрүүл зөв харилцааг харж өсөж буй үр хүүхэд хүртэл зөв сайхан хүмүүжилтэй болно. Нэг ч гэсэн монгол хүн зөв сайхан сэтгэлтэй байвал нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. Тэгэхээр хүн бүр дор дороо хичээгээрэй. Заавал элбэг хангалуун биш ч гэсэн дэргэдэх хүн чинь хайраар дүүрэн байвал гэр бүл үргэлж сайн сайхан байна гэдэгт би итгэдэг гэв.

error: Content is protected !!