ТҮҮХЭН ШИЙДВЭР биш ТҮҮХИЙ ШИЙДВЭР байлаа


Цахилгааны тэглэлт-ийг Ерөнхий сайд маань түүхэн шийдвэр хэмээн тунхаглаж, албатууд нь алга ташиж, ард түмэн нь дагаж хөөрсөн. Гэвч түүхэн шийдвэрт хоёр хоногийн нас байсангүй ээ. Энд тэндгүй осол аваар болж, айлуудын утас холболт шатаж, эрчим хүчнийхэн ээлжээ нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Эцэст нь цахилгаан халаагуураа салга, Хязгааралт хийх журамд шилжинэ. Энэ үгийг өөрсдөө биш өрөөлөөр хэлүүлж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УБЦТС, Диспетчерийн үндэсний төв-ийн хэдэн залуучууд 2 тн-ын даацтай портерт 4 тн-ыг ачих нөхцөл үүслээ гэж хэлээд зогсч байна


Төрийн шийдвэр шүү дээ. Ийм түүхий, төлөвлөлтгүй,шинжлэх ухааны үндэслэлгүй, наад захын тооцоогүй байж болохгүй ээ! Зүгээр энгийнээр бодоход Монгол улсын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хоногт 1230 орчим мегаватт. Дээрээс нь ОХУ-аас импортоор 245 мегаваттыг авч байна. Нийлээд 14 70 мегаватт. Гэтэл жил бүрийн өдийд бараг энэ ачаалалдаа тулж очдог. Гэтэл дээрээс нь үнийг нь тэглэчихээр ачааллаа дийлэхгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан. Өчигдөр л гэхэд тодорхой хязгаарлалт хийж байж л оргил ачааллыг давлаа. Гэтэл нөгөө ТҮҮХЭН ШИЙДВЭР-ийн эзэд, тэднийг даган намирагсад хаачсан бэ? ТҮҮХЭН ШИЙДВЭР гэж хэлэхэд нь алга нижигнүүлсэн шигээ ТҮҮХИЙ ШИЙДВЭР байлаа гэж хэлэхэд нь хамт суугаад санаа алдахгүй юм уу? Долоож суухаар эрсдэл гарна гээд эгц өөдөөс нь хараад хэлчих МЭРГЭЖИЛТЭН таны багт алга уу? Эрчим хүчний сайд Тавинбэх та мэргэжлийн хүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа яагаад хэлсэнгүй вэ?


Ерөнхий сайд аа!!! Та ард түмэндээ хайртай, сайхан сэтгэлтэй сүү шиг нэгэн байж болно. Гэхдээ төрийн шийдвэр гэдэг ийм түүхий байж болохгүй ээ!! Одоо алдаагаа яаралтай залруулж, тодорхой нөхцөл, болзол тавь! Гэхдээ хэрэглээг багасгахыг дэмжсэн бодлого л зайлшгүй хэрэгтэй байна.

Сэтгүүлч Б.Отгон 2020.12.15

error: Content is protected !!