Ч.Уранхолбоо:Аливаа зүйлийг уншиж судлахын хэрээр шударга, үнэ цэнэтэй амьдрахыг зорьдог болсон

Гэр бүлийн элч, “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Уранхолбоогийн шударга ёсны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа.

-Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?

-Сонсож байгаагүй юм байна. Анх сонсоод эв санаа нэгдмэл байвал бүх зүйл тайван, амгалан байна гэсэн санаа юм болов уу гэж ойлголоо. Энэ үгийг сонсоод хамгийн түрүүнд О.Дашбалбар агсны хэлсэн үг санаанд орлоо л доо. Товчхондоо “Нийгэмд шударга бус байдал хэтэрвэл улс орон доройтно” гэж үнэн бөгөөд хатуу үгийг хэлсэн байдаг.

-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-“Шударга байдал чинь чамайг олон найзтай болгохгүй. Гэхдээ үргэлж зөв нэгнийг дэргэд чинь үлдээнэ” гэдэг үг байдаг. Гэхдээ шударга байлаа гээд толгойд орж ирсэн бүхнээ тэр чигээр нь хэлчихэж болохгүй байх. Тэгэхээр шударга байдалд мэдрэмж бас чухал гэж боддог.

-Та шударга хүн мөн үү?

-Миний хувь хүний зарчимтай хамгийн их зөрчилддөг зүйл бол туйлбаргүй зан. Салхи хаашаа, хамхуул тийшээ гэдэг шиг үзэл бодолдоо тууштай зогсож чаддаггүй, хүний үгээр явдаг хүмүүстэй эвлэрч чаддаггүй. Тэгэхээр би өөрийгөө шударга хүн гэж хэлнэ ээ.

Ер нь аливаа зүйлийг уншиж судлахын хэрээр шударга, үнэ цэнэтэй амьдрахыг зорьдог болсон.

-Танд тохиолдсон шударга явдлын жишээнээс хуваалцахгүй юу?

-Намайг “Гала” хамтлагт байхад урлагийн карьерт минь чухал нөлөөлөхүйц сонголт гарч ирж байсан юм. Гэхдээ би шударга үнэнийг эрхэмлэн өөрийнхөө дотоод мөн чанарт нийцэх сонголт хийж байсан түүх бий.

-Шударга ёсны талаарх үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа.

error: Content is protected !!