Шинэ жилийн өдрүүдээр -50 хэм хүрч хүйтэрнэ


Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа. Тэрбээр, Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг дулаарна. Гэхдээ салхи шуургатай, жавартай байх учраас агаарын температур хүйтэн байна гэдгийг анхааруулсан юм.

Түүнчлэн энэ сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, өмнөх хугацаанаас 10 гаруй градусаар хүйтэрнэ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ оны сүүлийн өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Баруун аймгуудаар арванхоёрдугаар сард ийм төлөвтэй хүйтэн байдаг бол энэ удаа төвийн аймгууд болох Сэлэнгэ, Дархан, Хараа, Ерөө голын сав газар, Төв аймаг, Хэнтий аймгаар -50 хэм хүрч хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна.

Тэгэхээр төвийн болон зүүн бүс, говийн аймгуудаар эрс хүйтрэх гэж байгаа учраас ард иргэд аль болох хол замд гарахгүй байх, малаа ойр газар бэлчээрт гаргахыг анхааруулъя. Бид хот, суурин газрын дулааны шугам хөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлж, холбогдох байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.

error: Content is protected !!