Загын шар буюу хүн гөрөөсний тухай


Тээр жил Алагнуурын говьд айлд хонож байтал, бага насны хүүхэд нь энэ зураг дээрх шиг түрүүлгээ хараад эвхрээд унтчихсан байв. Түүнийг харсан нутгийн нэг хөгшин Загын шар шиг гэж билээ. Загийн шар гэж айхтар хаздаг, эвгүй зэвүүн царайтай аалз мэдэх юм. Тэр бас унтахдаа ингэж эвхэрдэг юм байх даа гэж бодсон ч учрыг нь лавлавал Алтайн өврийн Их говьд хуучин цагт элбэг байсан говь нутгийн хүн гөрөөсний тухай яриа байж. Заган шугуй дотор ихэвчлэн байх тул Загийн шар гэх нь. Орчноо дагаад тором шиг шаргал бор ноостой байдаг гэж байгаа. Алмасын уулан дахь нь хар зүстэй байдаг гэдэг. Хүн хар гөрөөс, Хар авгай гэх мэт нэрлэх.
Тэгээд тэрхүү Загын шар ингэж унтдаг ажээ. Энэ нь нэгд гэдэс хээлээ дулаан байлгах, учир нь хүн амьтны гэдэс хээл гэдэг нь үндсэн гол дулаан үйлдвэрлэгч болдог, хоёрт соргог сэргэг, гуравт босож гүйж, зугтахад хялбар байдаг юм гэж өнөөх хөгшин ярьж билээ. Бага хүүхэд ч бас ингэж унтах нь бий шүү. Юм ухаж байтал ийм зураг гарч ирээд, Алагнуурт болсон тэр нэг яриаг эрхгүй санагдуулав.


Алагнуур, Захуй зарман, Цэнхэр номин, Аж мянган, Элст мянган, Хар говь, Ананд баарын говь, Хонин ус, Говь хонин усны говиудаар тэр амьтантай таардаг л байжээ. Тэр өврийн нэг нэгтэйгээ залгалдсан их говиудад Бух гөрөөс гэдэг зэрлэг үхэр их байсан гэдэг. Улаан чоно гэдэг чоно их байж. Яг л зээрийн сүрэг шиг хэдэн зуугаараа сүрэглэдэг, жаргаж буй наран доогуур тоосордог байсан гэж байгаа. Энэ бух гөрөөс ч, улаан чоно ч сураг тасарчээ. Тахь байгаад нэг хэсэг бүр сураггүй болж, харин саяхнаас Барууны зоопаркуудад азаар авч очсон тахийн удмаас хэдийг авчирснаар Тахийн тал, Хонин усны говьд тахийн сүрэг эргэж сэргэв. Мазаалай нэг үе бүр сураг тасарч, бараг 20 жил үзэгдээгүй гэдэг. Тэгээд энэ Говийн шар, Бух гөрөөс, Улаан чоно шиг домог төдий болох шахсан боловч азаар хэдэн бодьгал үлдэж хоцорч, одоо овоо сэргээд байх шиг байна. Хавтгай гэдэг зэрлэг тэмээ бас л ховордож, гэхдээ цус ойртоод их л давжаарсан юм байх. Хуучин цагт Хавтгайн буур унагчихаад, хавиргыг нь хадах гээд цээжин дотор нь ордог, тэгэхгүй бол дээрээс нь тонгойгоод гар хүрдэггүй байсан гэх.
Гадныхан, ялангуяа Оросууд алмасын тухай судалгаа их хийжээ. Олон ч ном товхимол гаргаж, бүр ШУ-ны хүрээлэнгээс нь хүртэл судалгаа хийлгэсэн юм билээ. Зарим нэг судалгааны ном дахь зураг байна. Манайд Ринчен доктор энэ талаар нэлээн сонирхож, судалгааг дэмжиж байж. 

error: Content is protected !!