Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ


Улаанбаатарын цагаар 05:33 цагт Хөвсгөл аймагт газар хөдөлж, газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн оршин суугчдад маш хүчтэй мэдрэгдсэн бөгөөд ор, гэрлийн бүрхүүл хөдөлж, зарим орон сууцнууд савлав.

Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол улсын хилийн орчим Хөвсгөл аймагт орон нутгийн цагаар 05:33 минутад М6.6-ийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатараас гадна Булган, Орхон, Дархан, Завхан аймагт мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгджээ.

 Монгол Улсад 30 жилийн өмнө буюу  1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

error: Content is protected !!