Хүргэн хүний тавилан


Алдар гавъяагаа хадмууддаа үнэлүүлсэн хүргэн, бэрүүд уншихыг хориглоно.Монгол улсынхаа төмсөг нэгт мянга мянган хүргэчүүддээ зориулав.Та нар хүргэн хүний ач гавъяа гэж дуулсан уу. Сүүдэр шиг сүүтэгнэж явсаар айлын хүргэн болсон жаргал зовлон нэгт ахан дүүс минь ээ. Хүргэний алдар сууг энэ дэлхий мартжээ. Хүргэн гэхээр л нэг тийм үнэгүй орж ирсэн бараа таваар мэт. Охины боонуусанд ирсэн хадмын үнэгүй албат лугаа. Хадмындаа бэр гуйх, айлчлахдаа л ёс төдий дээшээ сууна. Тэгээл доошоо. Хадам талын хурим найр, найр наадамд гал хөлийн үзүүрт тувт яваастай. Хүн хүргэх, мах шөл гаргах, таваг тариа зөөх зэрэг аль эрээвэр хураавар ажилд хүргэн зүтгээстэй. Найр наадмын сүүл хавьд хүргэн хоол идсэн үү, алив хүргэн хоол ид мид гэчихсэн. Юм үлдвэл хүргэн иддэг рефлекстэй.

Хамаг л хүнд хүчирт зүтгүүлчихээд орны хөлд хэвтэж байдаг хуучирсан хүргэн, хуучин дээл хоёрын эрэмбэ ер нь ойролцоо. Хүргэн хүн янз янзоо. Хүний газар одсон эхнэрээ хүлээгээд хадмындаа арван хэдэн жил охинтойгоо амьдраад цагаан сараар тогоог нь бариад зогсч байтал хуучин эхнэр нь шинэ нөхөр дагуулж ирэхийг хараад зогсох хүргэн ч байна. Үхчийсэн чөргөр мөртлөө шинэ хүргэний хүчийг үзүүлээд хадмынхаа гэрийг ганцаараа буулгаад барьсан хүргэн байна.Ядруухан ээж ааваасаа гар татах мөртлөө хадамдаа хамаг байдгаа бариад хазгараараа дуудуулсан хүргэн ч байна. Хадмуудаасаа тоншсоноо гэр лүүгээ зөөж хамаг амьдралаа хадмындаа даатгачихсан хүргэн ч байна.За хүргэн үг хэллээ гэж хүмүүс чимээгүй болоход ширээ тулж босч ирээд Та нар намайг барна гэвэл май шүү гэж салаавч гаргадаг хүргэн ч байна. Анх гологдож ороод авъяас хөдөлмөрийнхөө хүчээр шилэгдэж үнэлэгдсэн хүргэн ч байна. Хадмуудтайгаа шамбалын дайныг хэдэн арван жилээр хийж хамаг хүч тамираа зөвхөн тэр л дайнд барсан хүргэн ч байна. Эхнэрийнхээ ахаас өөрөө арван насаар ах байж сөн түшиж хадам ах гэж нялуурдаг хүргэн ч байна. Бүр хадам ааваасаа насаар ах Мянгаа ах лугаа хүргэн ч байна. Аль нь ч байсан алтан дэлхийн хүргэчүүдийн жаргал зовлон нэг юм. Шинэ бэрийг хүлээх хүлээлт хүргэнийг хүлээх хүлээлт хоёр бол тэс ондоо. Шинэ хүргэнийг охиныг насаар нь тамлан зовоох гэж буй этгээд мэтээр сэжиглэнгүй харна. Бэрийг бол хүүг минь гийгүүлэхээр ирж буй ачтан лугаа үзнэ.

Шинэ дээл хувцас зэхээд л. Юм юм нь ондоо шүү. За тэгээд хааяа нэг балгадаг хүргэн байх юм бол нэр хүнд будаа. Та нар хүргэн хүний тухай олигтой зүйр үг мэдэхүү. Хазгар хүргэн хадамсаг. Хадам минь гээд л хамаг сэтгэлээ бариад гүйсэн сайн хүргэнийг хазгар гээд л муу нэр зүүчхэж байгаан. Айлд орсон хүргэн авдар дээр тавьсан бурхан хоёр ижилхэн. Зүгээр бэлгэдлийн чанартай гэсэн логик байна. Зовлон жаргал тохиолдвол бурхандаа сэтгэлээ даатга, ажилдаа хүргэнээ даатга гэсэн давхар утга агуулагдаж байна. Хамгийг гайгүй түгээмэл үг нь хүргэн хүн хүчтэй хүзүүний мах амттай. Нэг тийм хар ажил хийлгэх гэж байгаа мэт. Очиж очиж хүзүүний махтай зүйрлээд байхдаа яахав дээ. Хүзүүний мах гэхээр гүрдгэр хатуу хар мах байгаа биздээ. Ямарч өөхгүй. Гэдэс цувдай, толгой шийртэй зүйрлээгүй нь яамайдаа гээл залбираад хүртэхээс. Гэдгэр хүргэний ааш хартай Гэдэс идвэл баас хартай гэвэл яана. Шинэ хүргэн бяртайШийр толгой амттай гэж болохррх. Харин ч хүзүүний мах гээд гайгүй хэлж. Өнөөдөр хүргэний тухай нэг ч дуу шүлэг алга. Сайн хадам ээж яруу найрагч байж болдоггүй юмуу. Эсвэл сайн хүргэнтэй яруу найрагч гэж байдаггүй юм болов уу. Хүргэний тухай бичих гэхээр цаанаа л зивүү хүрээд байдаг байхдаа. Эсвэл хүргэний хүчийг энэ хорвоо хэзээ ч үнэлэхгүй юм болов уу. Увсын Тэсийн ойд Баянаа аваргыг үг хэлүүлэхгүй болохоор нь яагаад намайг үг хэлүүлэхгүй байгаан гэсэн чинь сумын дарга Та чинь манай сумын хүргэн шүү дээ гэсэн гэж байгаа. Чиний нийгэмд эзлэх байр суурь хэн байх ер хамаагүй. Хадамдаа бол нэг муу хүргэн шүү дээ. Хөөрхий хүргэн хүн гэдэг чинь би сайн хүргэн боловуу муу хүргэн боловуу гээд л насаараа боддог юм. Сайн яваа хүргэний ачийг охины буян гэж хардаг. Хүргэний ач тус гэж байхгүй охиных л гэж бий. Хүүгээс нь хэд дахин илүү хүргэн байлаа ч хадмуудад миа л харагдана. Хүргэн хүү гээд кино байна. Өнчин өрөөсөн өссөн Дэмбэрэл хүү хөдөлмөрийн баатар болоход хадам ээж нь нэг л янзгүй хүн цоорно гэж сайхан юмдаа, муу охин минь л хувьтай гээд суух жишээний. Хүргэний алдар бол охины хүч, хувь заяа хэмээн харж. Цоорно гэдэг нь анхнаасаа муу байгаад охинтой нь суугаад гэнэт ухаан орлоо гэсэн далд санаа нтр. Ерөөсөө даян дэлхийн хүргэний холбоо байгуулнаа. Эхлээд даян дэлхий ч юу юм Монголдоо хүргэчүүдийн холбоо байгуулъя. Олон хадмын нүүр үзсэн, улс төрд нэр нөлөөтэй, овшоор гувшууртаа мөнгө төгрөгтэй гэдэг утгаар нь Санжийн Баяр ахаа тэргүүнээр нь сонгоё. Цаадах чинь нохой шувуу битгий хэл хадмуудыг утгаар нь шуугиулна.Дэд тэргүүнээр нь Мянгаа ахыг дэвшүүлэх саналтай байна. Хашир олон хадмын нүүр үзэж олон уул нураасан хүн шүү дээ. Тэдний хэн байх нь хамаагүй бид чинь хүргэн гэдэг язгуур эрх ашгаараа л нэгэн цул байх ёстой. Шагж Гэлэн

error: Content is protected !!