Я.Буянжаргал: Гар утас руу байнга доромжлолын, заналхийллийн, хараалын үг шидээтэй


Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ааш муутай, хүнлэг биш, хүйтэн цэвдэг… гээд үгийн муугаар хэлэх юм. Гар утас руу байнга доромжлолын, заналхийллын, хараалын үг шидээтэй. Чи өөрөө өвдсөн бол…, чиний үр хүүхэд өвдсөн бол…, аав ээж чинь хавдар туссан бол… бурхан болсон бол… гээд л уурлаад загнана. Бид энэ бүгдийг Бухимдсан иргэн, түүний ар гэрийнхний аргаа барсан үг дээ гээд л тэвчсээр л, доромжлуулсаар…

Хажуугаар нь, улс төрчид, хүний эрхийг хамгаалагчид, төрийн бус байгууллагынхан, олонд танигдах гэсэн залуучууд мөн л бидэн дээр дөрөөлөөд Хүнлэг биш эмч, сувилагчтай арга хэмжээ тооц, тооцно, хална… байлаа байлаа гээд л загнана, зандарна, лоозогноно, бидний өмнөөс иргэнээс уучлал гуйж попорно. Тэр нь бухимдсан иргэнд таалагдана, тэд ч хүссэн оноогоо цуглуулчихна. Гэхдээ энэ нь иргэн таны эмчдээ итгэх итгэлийг алдагдуулна. Иймд иргэн танд нэг л зүйлийг хэлье. ЭМЧ ӨВЧТӨН 2 хамтдаа өвчнийхөө эсрэг нэг талд зогсож байж аюулт өвчнийг ялна, Та бид 2 нэг нэгнийхээ эсрэг байгаад өвчин илааршихгүй.

Та бухимдана. Эмч ч бас таагүй … .Өнөөдөр дүрэмт хувцастай төрийн албан хаагч бүр иргэн Таны төлөө чадахаараа л ажиллаад байх шиг. Тэд хүйтэн цэвдэгтээ санаатайгаар алдаа гаргаагүй ээ. Гэхдээ өмөөрөх асуудал бас биш. Бид алдах ёсгүй. Дүрэмт хувцастай тэдний дундаас уур бухимдлаа гаргаж, харааж болдог, цохиод авч болдог цорын ганц нь цагаан нөмрөгтэй эгэл жирийн эмч, сувилагч бололтой. Тэдний өөдөөс талх шидэж болно, өгсөн хоолыг нь цацаж болно, хазаж болно, түлхэж, алгадаж, өшиглөж ч болно, өмссөн халаадыг нь урж болно… Ийм үйлчлүүлэгч олон биш ч цөөн бас биш. Ядахнаа бидний олонх нь эмэгтэйчүүд юм…. Хариу дуугарвал хүнлэг бус бүдүүлэг ардын дайсан, буг чөтгөр болж хувирна, тэр зурвас агшинг бичээд тасдаж аваад нийгмийн сүлжээгээр сэвнэ, харсан үзсэн болгон жигшинэ, эргээд л нөгөө тоглолт үүснэ.

Гэхдээ энэ хүнд цагт нэг эмч, нэг сувилагч ч үнэхээр хэрэгтэй шүү…. Цөөхөн монголчуудад эрүүл мэндийн салбарын цөөн хэдэн эмч, мэргэжилтэн эрвийх дэрвийхээрээ ар гэрээ орхиод, нойртой нойргүй үйлчилж байгаа. Өнөөдөр зарим улс оронд болсон шиг хүнээ эмчлэхгүй гээд зугтаасан нэг ч эмнэлгийн мэргэжилтэн монголд байхгүй. Бидэнд бас өмөөрөх аав ээж, хайрлах хань, өмөлзөх үр, өхөөрдөх хүүхэд бий. Бид тэднийгээ орхиод өргөсөн тангарагаа уншаад, төрийн дууллаа сонсоод цар тахал дунд орж байгаа … Гэхдээ бид хариу огт нэхээгүй шүү. Таны баярлалаа. Эмч ээ гэдэг цөөхөн үг л хангалттай…, энэ үгийг хэлмээргүй байвал зүгээрээ бид гомдохгүй.

Би Монгол улсад дэгдсэн H1N1, SARS, улаан бурхан халдварууд, мөн олныг хамарсан архины хордлого, осол бүгдэд нь салбарынхантайгаа хамт ажилласан даа. H1N1 цар тахал гарч байхад Булган аймгаас шилжүүлэх жирэмсэн эмэгтэйн амийг аврахын төлөө ээжийнхээ аягасан цайг уухгүй орхиод гарахад Миний охинд бас л ажил гарчихсан уу гээд араас хараад үлдсэн ээжийн маань төрх одоо ч миний сэтгэлийг өвтгөж, өрийг минь зүсч байдаг юм. Маргааш нь ээж маань утасдаад ядарч байна уу гэж асуухад нь би яамны коридорт гүйхийгээрээ Ээжээ, би ажил ихтэй байна аа гэж хэлээд утсаа тасалж байсандаа харамсаад бардаггүй юм. Тэр өдрөөс хойш би Ээждээ очоод ирье гэж хэлсэн хүн бүрт Ямар ч ажил байсан орхиод яв гэдэг ганцхан зөвлөгөөг л өгч, сэтгэлээ дэвтээдэг юм…

Миний хамт олон, найзууд, курсийнхэн, хамт ажиллаж байгаа эмч, сувилагч бүгд л адилхан ийм л хүмүүс, бид авилгачид тендерчид, хогийн новшууд биш гэдгийг бардам хэлэх байна. Дашрамд хэлэхэд, ээжтэйгээ байх үнэхээр сайхан шүү гэдгийг Та бүхэндээ бас хэлье.Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг тогоотой сүүгээр төсөөлбөл өрөм цөцгий болсон олон алдартнууд бий. Гэхдээ хусам ч бас бий. Уулын мод урттай, богинотой …. Бидний нэг маань дөнгөж төрсөн эх, нярайг халаад, улавчтай авч гарсан гээд нийгмийн бухимдуулж, Засгийг огцруулсанд үнэхээр уучлаарай. Салбарын маань эд эс болсон эгэл жирийн эмч маань ч чин сэтгэлээсээ уучлал гуйж, лайв хийсэн. Түүнийг харсан ихэнх нь мөн л хараасан, зүхсэн. Гэхдээ, дэлхийг доргиосон КОРОНАВИРУСТ ХАЛДВАР-ын батлагдсан тохиолдол гэдгийн мэдэж байгаа хэрнээ төрсөн ээжийг түшээд, энгэрийг нь хумиад барьчихсан яваа эмчээ, батлагдсан тохиолдлоос төрсөн нярайг энгэртээ нааж, элгэндээ тэврээд машинд сууж байгаа эмчээ би хазайсан дээр нь түлхэж, хальтарсан дээр нь гишгиж үнэндээ чадахгүй нь ээ.

Уучлаарай. Бичлэг хийсэн сэтгүүлч та манай салбарын муу муухайг дурандаа овжин буулгаж, илчилсэнд үнэхээр талархаж байна. Гэхдээ Та өмсөж явсан хүрмээ, эсвэл гутлаа тайлаад Май, өмсөөрэй гээд тэдэн рүү зайнаас ч хамаагүй шидчихсэн бол бүр ч ОД болох байлаа. Лайв хийсэн дүү залуу, түүний гэр бүлийхнээс уучлал хүсье. Та эгчийнхээ хувцасыг нь авч ирээд, төрөхийн гадаа зогсож байсан бол Хүйтэн цэвдэг гэсэн тодотголтой эмчид маань нэгийг бодогдуулах байлаа даа…Энэхүү бичлэг бидний хүнлэг бус хайнга байдлыг харуулсан. Бид энэ алдааг давтах ёсгүй. Гэвч сэтгүүлч таны энэ бичлэг эмчийн хяналтанд өдөр бүр байдаг 70000 жирэмсэн эмэгтэйг айдаст автуулж, даралтыг нь ихэсгэж, стрессдүүлэн, эмчид итгэх итгэлийг алдууллаа. Иргэд учрах энэ дам хохирлын хариуцлагыг хэн ч үүрэхгүй. Эмчийг үйлчлүүлэгчээс нь холдуулсаар л … Эрүүл мэндийн салбартаа холбоотой сенсаци гарах бүрт эмнэлгүүдэд ХЭЦҮҮ үйлчлүүлэгч нэмэгдэж, болсон явдлаар жишээ татаж бидэн рүү чичилнэ, доромжилно, нулимна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр дорино” гэдэг хойно бид бас л тэвчинэ ээ.Өнөөдөр гэр бүлээрээ халдварт өртөөд, өндөр настай ээж нь сэхээний орон дээр эмчлэгдээд тасагт шилжихэд ээжийгээ хараад Би ээжийгээ оршуулж ч чадахгүй нь дээ гэж айж байлаа… гээд уйлж байсан залуу өвчтөн маргааш нь Та нар миний ээжийг хорлох гээд цуйван өглөө… гэж эмчлэгч эмчээ загнаад, хэд хоногийн дараа эдгэрээд гэр бүлээрээ эмнэлгээс гарахдаа Танай эмнэлэгт маш их гомдолтой.. өгсөн хоол, хянасан аппарат чинь таалагдсангүй…. гэх маягийн үг хэлээд, загнаад гарахыг бид сонсоод л, хараад л, тэвчээд л эдгэрсэнд нь баярлаад л үднэ.

Эдгэрч гараад Би халдвар аваагүй байсан. худлаа оношилсон, худлаа эмчилсэн, буруу тусгаарласан. чамтай нэгийгээ үзнэ гээд утсыг маань олж аваад загнана, зандарна. утас авахгүй бол мессежээр нөгөө л хараал, доромжлол, заналхийлэл урсана.

Тайлбарлаад ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Тамхи өгөхгүй бол цонхоор үсэрнэ, ТВ дуудна гээд улаан бүсээс гарч гүйж байгаа ХЭЦҮҮ үйлчлүүлэгч байна. Бид түүнийг тайвшруулаад л … эмчилгээ үйлчилгээгээ үргэлжлүүлээд л… Халдвар авсан нь батлагдсан хүнээ эмнэлэг хүргэхээр гэрт нь очиход аавыгаа, ээжийгээ, өвөөгөө, эмээгээ тохойноос нь түшээд эмнэлгийн машинд суулгаад, түргэн эдгээрэй гэж хэлээд хоцорсон аавын хүү, ээжийн охин бараг байхгүй. Нөгөө л хараалгаж зүхүүлсэн эмч маань л дагуулаад, түшээд, тэврээд, хөтлөөд, дамнуурга дээр өргөөд авчраад, нөгөө л хараалгаад зүхүүлээд байгаа эмнэлэгтээ эмчлээд эдгээгээд гаргаж байгаа…

Эцэст нь хэлэхэд, би иргэнийг ч, сэтгүүлчийг ч, улс төрчийг ч … ер нь хэнийг ч буруутгах гээгүй юм шүү. Би жирийн л нэг эмч, жирийн л нэг төрийн албан хаагч. Доллар биш болохоор хүн бүрт таалагдахгүй нь мэдээж. Дахиад хэлье, ЭМЧ ӨВЧТӨН 2 хамтдаа өвчнийхөө эсрэг нэг талд зогсож гэмээ нь аюулт өвчнөөс ангижирна, Та бид 2 нэг нэгнийхээ эсрэг байгаад өвчин илааршихгүй. Та өвчинтэй биш, эмчтэйгээ нэг талд зогс. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Хүндэтгэсэн, Ядамсүрэнгийн Буянжаргал

error: Content is protected !!