А.Мэнд-Орших: Тендер дагадаг IT компаниудыг болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ, хөгжиж байгаа юм алга

Мэдээллийн технологийн салбар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чанаржуулах, цахим шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар хамтарсан уулзалт өнөөдөр болсон. Энэ уулзалтын үеэр хувийн хэвшлийн төлөөлөл байр сууриа илэрхийлсэн бөгөөд үүнээс Erxes Inc-ийн үүсгэн байгуулагчийн санаа  бодлыг онцлон хүргэж байна

Erxes Inc-ийг үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших – 21 дүгээр зуунд улсууд амжилттай яваа гарааны компаниудынхаа тоог ярьдаг болж байна. Манайд бол тийм зүйл байхгүй. Учир нь залууст мөрөөдөл алга. Google шиг биш юмаа гэхэд AirBnB, Uber шиг компани байгуулах мөрөөдөл байхгүй. Мөрөөдөлтэй байхад хамгийн их саад тотгор учруулж байгаа нэгж нь төр. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр олон хyлгайч, тендер иддэг компаниудыг цэгцтэйгээр бэлдсэн. Өнөөдөр цугласан компаниудын тал нь бүтээгдэхүүнээ яаж цахиурын хөндийд гаргах уу, олон улсад яаж улсынхаа нэрийг авч гарах вэ, залуустаа яаж мөрөөдөл авчрах вэ гэдэг зорилгын төлөө явж байна. Харин тал нь засаг дагаж баяждаг, эсвэл тэгж олсон мөнгөөрөө цэврээр өрсөлдөж байгаа компаниудын инженерүүдийг хyлгайлдаг тогтолцоо үүсээд удаж байна. Үүний хамгийн том тоглогч нь засаг. 

Манай улсад гадагшаа гарч чадсан, олон улсын компанийн жишиг алга. Цахим үндэстэн болоод дотроо бол гоё харагдана. Долоон буудал, аймаг, сумдад хэрэгтэй. Гэхдээ энэ нь том нөлөөлөл авчрах зүйл биш. Өнөөдөр бидэнд мөрөөдөл байж, цахиурын хөндийд 2-3 компанийг тамгалж чадаж байж, залууст мөрөөдөл үүсэж, цахим шилжилт гэх мэт нь цаашид байгалийнхаа хуулиар бүрдэх юм. Шаардлагатай бол бэлэн технологиуд нь ч бий. Зовж бүтээх шаардлага байхгүй. Чадсан улсынх нь бэлэн туршлага, чадсан компанитай нь хамтраад ажиллаж болно.

Харин чадахгүй байгаа зүйл бол олон улсад нэгдмэл байдлаар гарч чадахгүй байна. Vision fund байгуулах нь чухал. Монгол гэж очоод сүүлийн найман жилд цахиурын хөндийд хөрөнгө оруулалт татах гээд зүтгэж байна. Америкт очиход Монгол гэж хэн ч биш. Энд бид хүн шиг гоё зүйл яриад л байна, гэхдээ олон улсад бид хэн ч биш. Та өөрийнхөө засагтай байгаа дээрээ хүн бол, бид олон улсад хүлээн зөвшөөрөгдье. Ингэж байж системтэйгээр явна.Доороос нь эхэлбэл, цахим үндэстэн болъё гэж мөрөөдөл ярих нь тодорхой түвшинд зорилт мөн байж магадгүй.

Харин олон улсад өрсөлдье гэж байгаа залуус бидэнд сонирхолтой санагдахгүй байна. Бид нар энэ тендерт орохгүй. Урдах ажлаа хийж, Сингапур, Индонез, Филиппинд гарааны бизнес яаж амжилттай яваад байна, экосистем нь ямар байна гэдгийн төлөө явна. Бидэнд тендер хэрэггүй. Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ, хөгжиж байгаа юм алга гэлээ. 

error: Content is protected !!