Д.Сумъяабазар: Намайг ажил авахаас өмнө хийгдсэн бүх худалдан авалтыг шалгуул


НЭМГ-аас энэ сарын 05-нд зарлаж 08-ны өдөр  хүртэл хүлээн авах хугацаатай нэгэн тендер зарлажээ. Тодруулбал энэхүү тендерийг давчуу хугацаанд тэр тусмаа Баасан гаригт зарлаж Даваа гариг хүртэл хүлээж авах талаар мэдээлжээ.

Ингэхдээ Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 амны хаалтыг нэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр, нийт 400 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын орлогч дарга л.Зэндмаатай уулзах үеэрээ өндөр өртөгтэй, давчуу хугацаатай тендерийг шүүмжилж загнав. 

Тэрбээр , Зааг ялгаагаа ойлгож, ажилла. Нийгэм хүнд амьдралтай хэцүү байхад, зовлон дээр зоолохгүй шүү. Маш их худалдан авалтууд хийсэн юм билээ. Маскны учраа хүмүүст сайн ойлгуулж хэл. Наад маскаа буцааж, ном журмаараа явагдсан эсэхийг шалгуул, өөрсдөө хүмүүст гарч тайлбарлаж ярь гэв.

Эрүүл мэндийн салбарын хангалтын асуудлаар ард түмний зовлон дээр нь зоолно гэж байхгүй. Тиймээс намайг ажил авахын өмнө, Засаг дарга нар солигдох үед олон худалдан авалт хийсэн байсныг бүгдийг нь шалгуул гэлээ.

N95 амны хаалт авах тендертэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа тайлбар өглөө.

Нийслэлийн зургаан дүүрэгт молекул биологийн шинжилгээ авах лаборатори байгуулагдаж байгаатай холбоотой энэхүү худалдан авалтыг хийх эрхийг өнгөрсөн Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас НЭМГ-т ирүүлсэн гэдгийг тэрбээр хэлэв.

“Эрүүл мэндийн сайдын эрх шилжүүлсний дагуу НЭМГ тендер зарласан. Энэ эрх шилжиж ирсэн үнийн дүнгээр бид тендер зарласан. Зарлахдаа эрүүл мэндийн техникийн тусгай шаардлаганы дагуу зарласан.

Лабораторийн шинжилгээ авах хүн өндөр шүүлттэй N95 маскийг хэрэглэдэг. FFP2, FFP3 гэсэн шаардлага хангасан маск авах ёстой буюу энэ маск тусгай шаардлагатай. Энэ шаардлагын дагуу тендер зарласан. Хугацаа богино байсан тул Сангийн яамтай ярилцаад зөвшөөрөл авсны дагуу Даваа(2021.02.08) гарагт нээхээр зарласан. 

Шууд худалдан авалт хийх боломж бидэнд байсан. Гэхдээ хуулийн дагуу, магадгүй чанартай маск хямд оруулж ирэх зорилгоор тендерийг зарласан. Түүнээс биш шууд худалдан авалт хийх эрх бидэнд байсан” хэмээн тэрбээр тайлбарлалаа.

error: Content is protected !!