Өнөөдрөөс Насны хишиг-ийг олгоно

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Насны хишиг-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-нд тохионо. Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкин дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь тэтгэврийн данстай нь холбожээ. Ингэснээр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас Насны хишиг-ийн мөнгөө авах боломжтой.

Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг учраас тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад, хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм байна. 

Насны хишгийн хэмжээ:

  • 65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.
error: Content is protected !!