Камертон хамтлаг 25 жилийн ойдоо зориулан #25 нэртэй дуугаа цацав


Камертон хамтлаг үүсгэн байгуулагдаад хэдийнээ 25 жил болжээ. Анх Монголын хөвгүүдийн анхны дөрвөл хамтлаг “Камертон”-ыг Д.Болд, Г.Мэнд-Амар, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нар одоогоос 25 жилийн өмнө буюу 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулжээ.

Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн оюутан байсан тэд уг хамтлагийг байгуулахаасаа өмнө тус тусдаа хоёр хамтлагт дуулдаг байсан ба Д.Болд, Г.Мэнд-Амар хоёр ангийнхаа гурван охинтой, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нар нэгэн залуутай хамтарч дуулдаг байв. 1995 оны зургадугаар сарын нэгэн өдөр Б.Эрдэнэтөр, Л.Ган-Эрдэнэ хоёр сургуулийнхаа шатан дээр Д.Болд, Г.Мэнд-Амар нартай тааралдаад ангийнх нь гурван охины хоолойтой тэдний хоолой нийлэхгүй байгааг хэлжээ. Гэтэл маргааш нь Д.Болд алдарт “The Beatles”-ийн “Yеsterday”-г ноотолчихсон ирж, тэдэнтэй уулзаад дөрвөн хоолой салгаж дуултал маш гайхамшигтай болсноор манай шилдэг boyband “Камертон”мэндэлсэн түүхтэй.

Энэ хамтлагийн нэрийг нэрт морин хуурч,төрийн соёрхолт, АЖ Г.Жамьянгийн охин, дуурийн дуучин, УГЖ Ж.Цэцгээ өгсөн аж. Дашрамд дурдахад тэрбээр хамтлагийн ахлагч Д.Болдын ээж юм. Л.Ган-Эрдэнэ нэг, Д.Болд хоёр, Б.Эрдэнэбат гурав, Г.Мэнд-Амар дөрөвдүгээр хоолойгоор дуулдаг бөгөөд манай хамтлагуудаас анх акапелло дуулж, мэргэжлийн өндөр төвшинд хүрснээ харуулсан хамтлаг. Акапелло гэдэг нь хоолой салгаж дуулахыг хэлдэг билээ. Тэднийг олны танил болгосон дуу нь “Маамуу нааш ир”. “Камертон”-ыхон “Энэ дууг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг, бараг л манай хоёр дахь сүлд дуу шүү дээ. Тиймээс бид балчир багачуудаас авахуулаад өтөл насныхны мэддэг энэ дууг анхныхаа уран бүтээл болгон сонгосон”хэмээн өгүүлсэн удаатай.

“Камертон”-чууд хамтлаг байгуулснаас 14 хоногийн дараа хөгжмийн зохиолч, “Хоовон” хэмээх Г.Энхбаярын тайлан тоглолт дээр тайзан дээр анх гарч, “Маамуу нааш ир”дуугаараа олны сонорыг мялаасан байна. Монголын анхны богино долгионы радио FM 102,5 одоогоос 24 жилийн тэртээ буюу 1996 онд байгуулагдахад уг радиогийн хөгжмийн нэвтрүүлгээр анх цацагдсан дуу бол мөнөөх “Камертон”-ы “18 нас”, бас “Чугу”компанийн дэргэдэх “Сонор” студийн анхны бичлэг ч тэдний “18 нас”. Бие даасан анхны концерт нь мөн л “18 нас” нэртэй.

Эртнээс маш их бэлтгэж төлөвлөсөн энэ тоглолтынхоо өмнөх орой “Камертон”-чуудын сэтгэл ихэд хөдлөн, унтаж ч чадаагүй гэнэ билээ. Концертийн билет хоёр хоногийн өмнө зарагдаж дууссан тул тэд аав ээж, ах дүү, найз нөхөддөө билет үлдээж чадаагүй “шаг”-ийн үнээр худалдан авч,тэдэндээ өгч байсан аж. “Анхны тоглолт маань бидний санаанаас огтхон ч гардаггүй. Бид дуундаа хэт автаад, өөрсдийгөө ч мэдрэх чадваргүй болчихсон байсан”хэмээн хамтлагийн залуус дурссан бол рок, попынхонтой хамгийн ойр дотно байдаг байсан, МҮОНТ-ийн “Хит”нэвтрүүлгийн редактор Н.Давааням агсан “Гадаадын алдартай хамтлагуудынх шиг охид орилолддог тоглолт анх удаа Монголд зохиогдсон” гэж энэ тоглолтыг дүгнэсэн нь бий. “Пентатоник-1995” бол тэдний хувьд хамгийн аз сорьсон бас сэтгэл түгшүүлсэн үе байжээ.

Харин 2021 оны 2-р сарын 9-нд 25 жилийн ойдоо зориулан #25 хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ камертон хамтлагийн үнэнч сонсогч фенүүддээ хүргэж байна. КАМЕРТОН-25 ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

error: Content is protected !!