Ковид тусаад эдгэрсэн гэр бүл: Ковид бол хүсэх юм биш, тулаад ирвэл тэмцээд гарахаас өөр аргагүй юм


Коронавирус буюу covid-19 цар тахлаар өвчлөөд эдгэрсэн Монгол залуу ийнхүү зөвлөж байна. Г.Цолмонбаатарын гэр бүл АНУ-ын нийслэл Вашингтон хотод ажиллаж амьдардаг.

СЭРЭМЖ ИЛҮҮДЭХГҮЙ…

Сайн байцгаана уу? АНУ-ын нийслэл Вашингтон (DC) орчмоос та бүхэнтэйгээ мэндчилж байна. Өнгөрөгч 7 хоногт буюу 2021 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлээд манай гэр бүл цар тахалд (Covid-19) өртлөө. Сэрэмж илүүдэхгүй болов уу гэсэн үүднээс дэлгэрэнгүй бичье.

Гэрийнхэн маань харьцангуй гайгүй хоёр гурав хонoгоор ээлжлэн халуурч шинж тэмдгүүд илэрсэн бол миний хувьд нэлээд хүнд шинж тэмдгүүд илэрч хүндхэн өдрүүдийн ард гарч ирлээ. 2021 оны нэгдүгээр сарын 28-нд эхлээд том охин маань хоёр хоног халуурсан. Ингээд ням гарагт би өглөө офистоо очиж, онлайн ажлаа амжуулаад хоёр цагийн дараа гэртээ харих замдаа бие муудаж ирээд шууд хэвтэрт орсон. Охин халуураад эдгэрсэн болохоор эхэндээ цар тахал тусчихлаа гэж санаанд огт ордоггүй юм байна.

Цээжээр хүнд оргиж, дотор муухайрч, бие зарайж халуурна, манай энд цас унаж хүйтэрч эхлээд байсныг ч хэлэх үү гарч орохдоо салхи авч хөнгөн ханиад туссан юм болов уу гэж эхэндээ бодсон. Гэвч өдөр өдрөөр бие муудаад дээшээ огиулж, доошоо шингэн алдсан. Шөнөдөө хүчтэй халуурч, өдөртөө толгой ихээр өвдөж булчингууд дасгал хийсний дараа булардаг шиг хөндүүрлэж байлаа.Ингээд хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлээд үнэрлэх амтлах мэдрэмжгүй болсноо гэнэт мэдсэнээр цар тахал гэдгийг ойлгосон. Шүдээ угаасан ч, махан хоол, алим жимс идсэн ч ямар ч амт үнэр байхгүй болохоор хоолны дуршилгүй болдог юм байна, тэгэхээр ердийнхөөсөө хоёр дахин бага хоол иднэ.Байнга дотор муухай оргино, толгой өвдөнө, өглөө гайгүй болох нь дээ гэж байтал буцаад үдээс хойш халуурна, бие сульдана, цэртэй ханиалгана, цээж булчин хөндүүрлэнэ.

Хоёрдугаар сарын 7-нд эхнэрийн шинжилгээний хариу утсаар ирж, эерэг /Рositive/ гарснаар Сovid-19 болох нь бүрэн батлагдсан. Ямар арга хэмжээ авч байв гэж үү? Эхнэр бид хоёр гэртээ нэг өрөөндөө тусгаарлалт тогтоож, дөрвөн хүүхдээ том өрөөнд нь тусгаарлах маягтай байлаа. Том хүү тусдаа гарсан болохоор харьцангуй гайгүй учир гаднаас хоол унд зөөж байв. Хариуцлагатай байх үүднээс хөршүүд болон ойр дотныхондоо хэл дуулгаж орж* гарах бүх хөдөлгөөнийг хорьсон. Гэртээ ариутгал цэвэрлэгээ тогтмол хийж, хонь үхрийн махтай шөл, түүхий сармис, цагаан гаа их хэрэглэсэн. Халуун цайнд цагаан гаа, лимон, алимны цуу хийж хоолой амаа зайлж байлаа. Витамин С, Д өдөр оройдоо ууж байсан.

Ер нь бол биеийн дархлаа сайжруулах төрлийн зүйлсийг хэрэглэсэн. Эхний хэдэн өдөр би өвчин намдаах эм гурав хоног уугаад бие гайгүй болоход больсон. Эмчтэйгээ утсаар ярьж ойр зуур зөвлөгөө авсан. Интернэтээс болон өмнө нь тусаад эдгэрсэн хүмүүсээс асууж бас бус мэдээлэл авлаа. Манай энд ерөнхийдөө тухайн хүнээсээ хамаарч хүмүүс хүнд хөнгөн тусч байгаа юм байна. Эхэндээ над шиг санаанд орохгүй ердийн ханиад гэж эндүүрч гарч орж хүндрүүлээд хатгалгаа болсон хүмүүс л бие нь бүүр хүндэрвэл түргэн дуудаж эмнэлэгт очиж байна. Сайн зүйл гэвэл эдгэрч байгаа нь андашгүй буцаад амтлах үнэрлэх мэдрэмжүүд бага багаар сэргээд ирдэг юм байна.

Хоёрдугаар сарын 6-наас эхлээд миний бие буцаад сайжирсан боловч гэртээ дахиад 7-14 хоног хөл хориогоо үргэлжлүүлнэ. Ингээд бүрэн эдгэрсэн гэж үзвэл дахин шинжилгээг өөрийн биеэр очиж өгнө. Манай энд урьдчилан утсаар цаг аваад машинтайгаа очоод машинаасаа буулгүй шинжилгээгээ өгчихдөг болохоор нэг бодлын амар байна. Ингээд шинжилгээний хариу 2-3 хоногт ​утсаар юмуу гэрийн хаягаар цаасан хэлбэрээр хүрээд ирнэ. Negative болсон бол гадуур дотуур чөлөөтэй орж гарах боломжтой болно гэсэн үг.

Одоогоор хүүхдүүд ямар ч шинж тэмдэг байхгүй бүрэн эдгэрсэн гэж үзэж байна. Эхнэр бид хоёр л амьсгалахад цээжээр хөндүүр, шөнөдөө цонх нээлттэй хонож байна. Өглөө босоход толгой бага зэрэг өвдөлттэй бусдаар бол гайгүй болж байна. Манай том хүү 21, том охин 13, бага охин 7, дунд хүү 4, бага хүү 2 настай. Та бүхэн минь сэрэмж алдалгүй, салан назгай байлгүй гарч орохдоо ариутгалаа сайн хийж, маскаа тогтмол зүүж, биеийн дархлаагаа дэмжих хоол унд сайтай байж, ажил амралтаа сайтар зохицуулж байгаарай.

Бүгд эрүүл хүчтэй байх болтугай. Монгол Улсын баатар Дандар Дaйн гэдэг хүсэх юм биш, тулаад ирэхэд буцах юм биш гэдэг шиг л Ковид бол хүсэх юм биш, тулаад ирвэл тэмцээд гарахаас өөр аргагүй юм байна. Өвчин тахлыг хамтдаа ялах болноо Монгол түмэн минь. Бурхан Монголыг минь ивээг!

Г.Цолмонбаатар (Washington DC metroaera) 2021 оны 2 сарын 10

error: Content is protected !!