Эргүүлд гарч буй албан хаагчдад зориулж хотын бие засах газруудыг нээн, ажиллуулж байна


Өчигдрөөс эхлэн төрийн алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран нийслэл даяар эргүүлд гарч эхэлсэн. Харин цахим сүлжээнд тус алба хаагчид олон цагаар гадаа хүйтэнд зогссон, бие засах газаргүй байна гэх мэт гомдлууд гарч эхэлсэн юм.

Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын нийтийн бие засах газруудыг хөл хорионы хугацаанд нээж үнэ төлбөргүй ажиллуулах чиглэлийг өчигдөр хүргүүлжээ.

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна. Тиймээс эдгээр ажилтан албан хаагчдад зориулж хотын нийтийн бие засах газрыг нээн үнэ төлбөргүй ажиллуулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

error: Content is protected !!