Д.Эрдэнэсайхан: Х.Отгонтуяа нь орилж, хашгирч, төлж барагдуул гэсэн нь худал

Цахим сайтуудаар Ерөнхий сайд асан Сү.Батболд Их тэнгэр цогцолборт амьдарч байхад түүний гэргийг Х.Отгонтуяа гэрт нь засвар хийж байгаад үнэтэй ваарыг нь хагалсан гэх сантехникийн ажилтныг их хэмжээний өрөнд оруулан ажлаас нь халуулсан гэх мэдээлэл тараад байгаа билээ.

Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тухайн халагдсан гэгдээд буй Д.Эрдэнэсайхан энэ мэдээллийг няцаан мэдэгдэл бичжээ.

Сүүлийн үед зарим сайтуудаар Их тэнгэр цогцолборын сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан миний биетэй холбоотой ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан өөрийн биеэр дараах няцаалтыг хийж байна.Д.Эрдэнэсайхан миний бие 2012 оны  тавдугаар сард албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдан бусдын эд зүйл гэмтээн хохирол учруулсан.

Гэхдээ сайтуудад бичсэнчлэн гэргий Х.Отгонтуяа нь орилж, хашгирч, төлж барагдуул гэсэн нь худал болно. Тухайн үед Х.Отгонтуяа байгаагүй бөгөөд хамгаалалтын ажилтан нь дуудлага өгч, тэр үед ч миний дэргэд байсан. Миний бие өөрийнхөө санамсар болгоомжгүйгээс болж, бусдад учруулсан хохирлоо төлөхийг хүсч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолбор тусгай үйлчилгээний албаны удирдлагуудаа хүсэлт гаргасан билээ. Гэвч учруулсан хохирлыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа 100 хувь барагдуулсан юм. Надаас ч нэг ч төгрөг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн тухайн үед Х.Отгонтуяа ваар хагарсан тухай мэдээгүй байсан билээ. Гагцхүү ваарыг шинээр захиалан авчирч өгөхөд мэдсэн хэрнээ санаатайгаар бусдын юмыг хагалсан биш хэмээн өөрөө хохирлыг нь барагдуулсан юм. Гэтэл худал мэдээлэл бичсэн болохыг энэ мэдэгдлээрээ няцааж байна.Түүнчлэн Д.Эрдэнэсайхан би өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа бөгөөд хэн нэгнээс болж гудамжинд гарсан гэдэг нь ташаа мэдээлэл юм.

Мөн миний буруутай үйлдэлтэй холбогдуулан эдгээр хүмүүсийн талаар ташаа мэдээлэл тарааж, бусдын нэр хүндэд халдаж байгаад гайхаж байна.Харин ч миний буруугаас болж, гарсан хохирлыг барагдуулж өгсөнд Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяад баярлаж явдаг нэгэн.

Гэтэл иймэрхүү ташаа мэдээлэл гарч, нэр хүндэд нь халдсан явдалд Х.Отгонтуяа таниас энэ мэдэгдлээрээ дамжуулан уучлал  хүсье.Дахин ташаа мэдээлэл гаргахгүй, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг хүсье.

Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолбор тусгай үйлчилгээний албаны сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан

error: Content is protected !!