Туул гол руу ДЦС-III үнс зайлуулсан усаа асгаж байжээ


Сошиалд Туул гол руу бохир усаа асгаж байгаа бичлэг цацагдсан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар ДЦС-III ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгаж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг гарган халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авлаа.Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авна. Үүссэн учир шалтгааныг ДЦС-III ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүн усаар тээвэрлэн үнсэн санд хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станц руу шахаж дахин ашигладаг байна.

Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаяжээ. ДЦС-III ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус асгахгүй байх талаар шаардлага тавьж анхааруулга өгсөн байна.

error: Content is protected !!