Атар талхны эзэн А.Бямбасүрэн Алтангадас одон хүртлээ

Өглөө бүр гар дээр шинээр нь өгч, өдөр тутамд хүсэндээ хэрэглэдэг Атар талхыг одоогоос 37 жилийн өмнө орц найрлагыг нь зохиож, анхлан хийж байсан А.Бямбасүрэн өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. OХУ-д хүнсний технологич мэргэжлээр суралцаж ирсэн даруйдаа дөнгөж шинээр байгуулагдаж буй Талх чихэр компанийн хариуцлагатай албан тушаалд 23- хан настай томилогдож, ард түмний хүнс гэгдэх Атар талхыг хийж байсан түүний бүтээлийг өдгөө ч бид хүнсэндээ хэрэглэсээр байна.

Тэрбээр 1978 онд Нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд хуучнаар ЗХУ-ын Воронеж хотын Технологийн дээд сургуульд элсэн орж 1983 онд төгсжээ. Төгсөж ирээд Талх чихэр компанид шууд хуваарилагдсан азтай.

Намайг төгсөж ирэхэд хоёрхон төрлийн талх байсан. Төгрөг дөчийн талх гэж дөрвөлжин, төгрөг далын талх гэж атар талх шиг боловч 800 грамм жинтэй, арай том талх байлаа. Тухайн үед задгай талхны эрэлт ихтэй боловч үйлдвэрлэж чаддаггүй. Гэтэл хүмүүс талх, сүүн дээрээ л их очерлодог байлаа. Нэгэнт Талх чихэр дөнгөж ашиглалтанд орж байгаа учраас энд шинэ юм хийх ёстой гэж бодоод задгай талхыг багасгаад, өтгөн хөрөнгийн аргаар, идүүртэй, Монголчуудад зохимжтой талх бүтэн жилийн турш туршилт хийж, өдөр шөнөгүй ноцолдож байж гаргаж байв. Залуу ч байж. Залуу байхад үйлдвэрлэлд доголдол гарахад деспетчер инженерүүд шөнийн 3,4 болж байхад л, ид нойрон дунд Болохоо байлаа гээд л хаалга тогшино. Заримдаа залуу хүн чинь нойроо харамлаад л.

Тэр деспетчер инженерийн ажлыг манай нөхөр хийдэг байсан юм. Унтмаар байна гээд л гомдоллохоор манай нөхөр Чи явахгүй бол өөр хэн явах юм, би наад зовлонг чинь мэднэ, дуугүй босоод яв гээд л загнадаг байж билээ. Тэр үед ажилчид нь ч, техник нь ч шинэ байсан болохоор ажлаа сайн мэдэхгүй, бид хэд очоод жаахан юмыг нь өөрчлөөд л зүгээр болчихно. Энэ маягаар хэдэн жил ч дуудагдсан юм бүү мэд. Сүүлдээ шөнө хаалга тогшихвий гээд л айдаг болчихсон байж билээ хэмээн дурсамжаа хуваалцлаа.

error: Content is protected !!