Энэ хэн бэ: Тэрбээр дуучин, бүжигчин, яруу найрагч, топ модель


Хамаг бүхэн бороо мэт арилахад гэрэл зураг түүх болон үлдэнэ гэдэг дээ. Түүний гэрэл зургийг харах бүрт нас нэмсэн нь үл анзаарагдана. 50 насны босгыг хэдийнээ давсан ч монголын загварт Э.Одгэрэлийг гүйцэх модель өдгөө ч гарч ирээгүй л байна.

Мөнхийн залуу хатагтайн хоолой нэг л биш гэх бөгөөд өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрийнхөө хоолойнд дургүй, яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй гэж ярилцлага өгч байсан удаатай. Гэтэл олон жилийн өмнө жинхэнэ залуу байх цагтаа тэрээр хоолойндоо итгэлтэй, тэр бүү хэл, хамтлагийн гишүүн хүртэл явсан байх юм. Тэрбээр хүүхэд ахуй насандаа Найрамдал нэртэй хамтлагт дуучин явсан гэнэ. Сурагч байхдаа бүжиглэдэг байж.

Цуутай хүүхэн хуримгүй гэж нэг үг бий. Цуутай хатагтай маань бас ч хоосонгүй. Газар дээрх ганц охиныхоо талийгаач эцэгтэй хуримаа хийж байсан. Гэхдээ түүн шиг сайхан, дээр нь олны анхааралд, хэтэрхий олон эрчүүдийн хүсэмжит харцан дунд нөхөр нь байна гэдэг хэцүү биз. Амьдралд олон янзын сонголт гарч ирдэг. Ихэнх эмэгтэйчүүд өөрсдийнхөө сонголтыг гэр бүлийн аз жаргалтай амьдралаар шийддэг бол Топ хатагтай тэс өөр сонголт хийсэн. Хүмүүс түүнийг таарч тохирох хань олдохгүй ганц бие явдаг гэж бодож болох ч үнэндээ түүний нэг нууц бол Э.Одгэрэл ганц бие явахыг өөрөө шийдсэн хэрэг. Гэрийн эзэгтэйн амьдралд дахиж хөл тавих хүсэлгүй бөгөөд ганцаараа чилийсэн олон өвлийг туулах зориг нь түүний бусдаас өөр гэдгийг нотлох мэт.

Хүн бүхэн толгой холбож чаддаг Монгол шиг улсад өөрсдийгөө яруу найрагчаар өргөмжлөх их амархан. Зарим нэг нь болсон болоогүй хэдэн шүлгээрээ ном гаргасан байх нь ч бий бөгөөд тийм номууд хотын хэдэн дэлгүүрээр тоосонд дарагдаастай, зарагдах найдлага нь өдрөөс өдөрт багассаар байж л байдаг. Харин Одгэрэлийн хувьд тун ч мэрийлттэй яруу найрагч гэдгийг сонссон урлаг судлаач бүү хэл шүлэг найрагт дургүй нэг нь ч сонирхох нь гарцаагүй. Тэрээр сэтгэл хөдлөлдөө автсан үедээ онгод юундаа мордож үгийн урнаар сэтгэлийн чанадаас шүлэг тэрлэдэг нэгэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Халдвартын эмнэлэгт угаагч хийж, өвчтөний цагаан хэрэглэл эмч сувилагч нарын халад, бохир заваан зэрэгтэй зууралдаж явсан үе түүний загварын тайзнаа гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарна. Өнөөгийн мөнхийн залуу хатагтай,  үзэсгэлэн гаргахуйц гутлын цуглуулгатай. Лааны гэрэлд оргилуун дарс уух дуртай, тансаг зэрэглэлийн чанадаг кофены хорхойтон, усан бассейны донтон ерөнхийдөө эрх ялдам төрхтэй түүнийг цагийн эртэд амьдралын төлөө угаагч хийж байсан гэдгийг олон хүн мэдэхгүй. Тэр тусмаа амар хялбар амжилтад хүрэх хүсэлтэй зарим нэг охид түүний энэ нууцыг сайтар ойлгож аваасай билээ. Амьдралд хүн голдог ажил гэж үгүй.

error: Content is protected !!