КОВИД ХУУЛИЙН 3.2-ЫГ УНШААРАЙ ЗА!!!

Улс төрчдийн хүүхдүүд төрийн албанд амархан очдог жишиг тогтоод удаж байна. Тэрхүү жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн үргэлжлүүлсэн.

Энэ асуудлаар иргэн Ганбаатар дараах тайлбарыг бичжээ.

КОВИД ХУУЛИЙН 3.2-ЫГ УНШААРАЙ ЗА!!! төрийн албаны зөвлөл хэнд хэрэгтэй юм бэ? саяболж өнгөрсөн, хойшилсон төрийн албаны шалгалт хэнд хэрэгтэй юм бэ?

Төрийн албанд шинэхэн томилогдсон нэгэн дарга маань томилгоог нь сонирхсон сэтгүүлчид КОВИД хуулийн 3.2 дахь заалтыг уншаарай гэж. Иймд хуульчийн хувьд хуулийн тус заалтын хүрээнд өөрийн дүгнэлт, үзэл бодлоо хуваалцахаар шийдлээ. Бидний КОВИД хууль гэж нэрлэж заншаад байгаа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т … албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн … хэрэгжүүлнэ гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу КОВИД-ийн хууль үйлчилж байх хугацаанд хуульд заасан төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийгдэхгүй гэсэн үг.

Иймд шинэхэн томилогдсон дарга маань КОВИД-ийн хуулийн 3.2 дахь заалтын дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийгдэхгүй тул би сонгон шалгаруулалтгүй томилогдсон нь асуудалгүй, хуульд нийцэж байгаа шүү гэж хэлээд байгаа гэсэн үг.

Гэвч … 1. ЯМАР Ч ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ?

Төрийн албан тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд (1) эхний ээлжид төрийн байгууллагад ажиллаж байгаа бусад албан хаагчдаас нөхөх, (2) тийнхүү нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс нөхөх, (3) нөөцөөс нэр дэвшүүлэх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай заасан. Ийнхүү сул орон тоог нөхөх гурван аргыг хуульчилсан байх бөгөөд хамгийн сүүлийн арга нь сонгон шалгаруулалт юм.

Иймд КОВИД хуулийн 3.2 дахь заалт бол Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоог нөхөх журмыг тэр чигт нь үгүйсгээгүй юм. Гагцхүү сонгон шалгаруулалт явуулах журмыг хэрэглэхгүй байхаар заасан. Иймд КОВИД хуулийн 3.2 дахь заалт нь төрийн жинхэнэ албаны сул орон тоонд шууд төрийн албан хаагч бус хүнийг томилох үр дагавар үүсгэхгүй юм. Зөв нь, сул орон тоог бусад төрийн албан хаагчдаас нөхөх, эсвэл нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх замаар нөхөх шаардлагатай гэсэн үг.

Түүнчлэн, Төрийн албан тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагын зохицуулалт хэвээр үйлчилж байгаа. Учир нь энэ бол сонгон шалгаруулалтын тухай асуудал биш тул КОВИД хуулийн 3.2 дахь заалт үүнийг үгүйсгэхгүй юм. Иймд сул орон тоонд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг томилж болно гэсэн үг биш.

2. ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХУУЛЬД ЗААСАН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА УУ?

Төрийн албан тухай хуулийн 32.1 дэх хэсэгт … төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 30.1 дэх хэсэгт Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтыг өөрийн санаачилгаар ч хийж болохоор заасан. Иймд Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчдын томилгоог хянах, хууль зөрчсөн томилгооны шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй. Энэ хүрээнд КОВИД хуулийн 3.2 дахь заалтыг буруу хэрэглэж, хуульд заасан шаардлага хангахгүй хүнийг томилсон; сул орон тоог бусад төрийн албан хаагчид эсвэл нөөцөөс нэр дэвшүүлж нөхөөгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох учиртай. Төрийн албаны тухай хуулийн 32.1 дэх хэсэгт Төрийн албаны зөвлөл хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох; хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтныг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэх тухай заасан байгааг анхаарах хэрэгтэй. Хуулийн тус зохицуулалтаар бол хууль бус шийдвэр гаргасан этгээд өөрөө ч ажлаас халагдах учиртай.

Эцэст нь дарга нартаа КОВИД хуулийн 3.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2 дах хэсгүүдийг уншаарай гэж хэлмээр байна. Үгүй бол хууль бус шийдвэр гаргаад өөрөө ажлаасаа халагдчихаж магадгүй шүү. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. (Үндсэн хуулийн 14.1)

Хуулийн … Б.Ганбаяр

error: Content is protected !!