50-64 насныхан вакцинд хамрагдахад хойрго хандаж байна

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа танилцуулав.

Өчигдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 хүн ажиллаж, 12,573 хүнийг вакцинжуулсан. Мөн хугацаанд Өмнөговь аймгийн 12 суманд 1,610 хүн вакцинд хамрагдсан. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эхний тунг хийлгэсэн хүний тоо 223,444 болсныг тэрбээр мэдээлэв.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг дархлаажуулж эхэлсэн бөгөөд одоогоор эрүүл мэндийн байгууллагын 98 хувь нь вакцинд хамрагдсан байна.

Төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгийн иргэдийг найман бүлэгт эрэмбэлэн дархлаажуулж байгаа. Түүнээс одоогоор эхний таван бүлэгт багтсан иргэдийг буюу 

  • Хариу арга хэмжээний баг,
  • Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд,
  • Худалдаа, үйлчилгээний салбар,
  • Бүх шатны боловсролын ажилчид,
  • 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амжилттай дархлаажуулж буй.

Мөн өчигдрөөс 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлсэн иргэд вакцинд хамрагдаж эхэлсэн.

Вакцинд хамрагдсан нийт хүмүүсээс 50-64 насны хүмүүсийн эзлэх хувь болон хамрагдсан байдлыг тооцоолж үзэхэд дээрх насны иргэдийн вакцинд хамрагдсан байдал харьцангуй бага байна гэв.

Вакцин хийлгэсэн 50-64 насны иргэдийг дүүрэг тус бүрээр харахад хамгийн идэвхтэй хамрагдсан нь Сүхбаатар дүүргийнхэн байгаа ч энэ нь нийт хамрагдах ёстой иргэдийн 28.3 хувийг эзэлж байна.

Хэдийгээр вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэдэг ч дээрх иргэд зорилтот бүлгийнх тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах энэ үеэр хүслээ.

error: Content is protected !!