Жүжигчин А.Ганчимэгийн урласан даалинг сонж


Жижиг биедээ багтамгүй их авьяаслаг жүжигчин А.Ганчимэг сүүлийн үед уран бүтээлдээ тоглосонгүй. Учир нь ковидын тархалтын улмаас урлагийнханаас эхлээд олон салбарынхан ажлаа эрчимтэй явуулж чадахгүй байгаа билээ. Олны танил хүмүүсийн нэг хэсэг нь турж эрүүл мэнддээ анхаарч буй бол нөгөө хэсэг нь үйлчин болоод байгаа бололтой.

Алтан саатай утсыг аргадан аргадан оёлоо Мөнгөн саатай утсыг мөрий нь дагуулж хатгалаа… Хатгалт бүртээ хайраa шингээн Амьсгаа бүртээ ерөөл шивнэн Үйлс бүтээл нь өөдөө дэвжин Өнөд жаргахыг бэлгэдэн урлалаа Тэнгэр тэтгэсэн хувь заяа нь Тэнүүн оршихыг ерөөн шившлээ… Жилдээ ганц тохиодог морины хишиг, морь өдөрт 4 жил урласан даалингаа битүүлж дуусгаад аавдаа барилаа .


Даалин бол хамгийн том хүндлэл, эр хүний сүр сүлдийг нь авч явдаг учир хийморийн уут гэгдддэг бөгөөд их нарийн ур ухаан, арга билэг хослон бүтдэг чухал эд гэдгийг ойлгосон. Даалинд маань зүү ороох, олсны эрч, саа дарах, задгай хатгах, зоосон ширээ сүлжих, дарах, хөших, хөвөрдөх, шаглах, загасан нуруу, туулайн чагт гээд монгол гар урлалын дуусашгүй өв сангийн олон төрлүүд багтсаны дээр сэтгэл зүрхээ шингээн шингээн урлалаа….



Цаг хугацааг захирагч Дүйнхор бурханы бэлгэдэл, дөрвөн зүгийг эрхшээгч тэнгэрийн хоёр хүчтэн газрын хоёр хүчтэнг дөврөн буландаа хатгаж, бат бэхийн бэлгэдэл Алтан очир-г AMинд нь оршоож, хамар угалзан хээгээр чимэглэн урлалаа…. Монгол уран хатгамалууд хэдэн зуун жилийн дараа ч хөвөрч задардаггүйгээрээ гайхалтай. Даалинд маш их чимхлүүр, нарийн ажил орохын зэрэгцээ бэлгэдэл, өнгө будаг, түүх уламжлал гээд олон төрлийн мэдлэг авч хатгамал хийх явцдаа асар их төлөв төвшин болдог учир хүний оюун ухааныг хөгжүүлэх Монгол ухааны нэг байжээ…



Нэг насаараа биш үе удмаа дамжин өвлөгдөх ЦОРЫН ГАНЦ ӨВ-тэй болоход зааж сургасан эрхэм багш Монгол Улсын Гавъяат уран хатгамалч @sar_narandelger дээ талархая.
Бэлэн бэлдэц авч хийлгүй багшийнхаа заавраар зориулсан эзнийхээ ивээл, тэтгэдэг өнгөөр суурь торгоо сонгож, зориулан зурагаа зурж, бүх оёдол хатгамалыг гараараа хийсэн юм шүү. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж бардаггүй юм гэсэн. Гэхдээ гараа гаргаж, сэтгэлээ шингээж өөрийн гараар бүтээсэн даалингаа аавдаа барьсандаа их л баяртай сэтгэл гэгээтэй болоод л явчихлаа охин нь….

…Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоороо амьд явж чаддаг аа…

error: Content is protected !!