Нүхнээсээ хөөгдсөн тарвага Зайсангийн аман дахь орон сууцны хотхонд орсон. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл

Зайсан дахь орон сууцны хотхонд тарвага орж ирсэн явдал хоёр хоногийн өмнө болсон. Уулнаас амьтад бууж ирэх нь хүчтэй газар хөдлөлт болохыг дохиолж байна хэмээн үздэг тул тарвага суурьшлын бүсэд орж ирснийг иргэд мөнхүү утгаар ойлгосон билээ. 

Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас энэхүү явдлын талаар тодруулахад Тарваганы орооны үе одоо тохиож байна. Энэ үед эр тарваганууд хоорондоо барилдаж байгаа мэтээр хүчээ үздэг. Хүчээр илүүрхсэн нь эм тарвагатайгаа хамт нүхэндээ үлдэж, чадал багатайгаа нүхнээсээ хол хөөн явуулдаг.

Хөөгдсөн тарвага орох газар хайн явахдаа тухайн хотхоны хашаанд орсон байсан. Энэ нь байгалийн жамаар тохиолдож буй үзэгдэл юм. Хөөгдөн гарсан тарваганууд шинээр нүх ухаж, бүл үүсгэх эсвэл өөр амьтны идэш болох тохиолдол бий. Орон сууцны хотхонд орж ирсэн тухайн тарвага уул руугаа буцсан.

Түүнчлэн Нийслэлийн нутаг дэвсгэр дээр тарвага орсон гэж үзэж болохгүй. Учир нь Зайсангийн ам бол амьтад амьдрах бүс. Амьтдын амьдрах газар, нүүдлийн замд нь хүмүүс амьдарч байна. Иймд урин дулааны цагт Зайсангийн ам орчмын хотхон, хороололд амьтан орж ирлээ гэх дуудлага нэмэгддэг гэв.

Харин газар хөдлөлтийг тарвага мэдэрсэн байх боломжтой гэх асуултад тэрбээр Гaзap xөдлөлтийг түрүүлж мэдрэх магадлалтай амьтдын нэг нь тарвага мөн. Гэхдээ минут орчмын өмнө мэдэрч нүхнээсээ гардаг. Хэдэн цагийн өмнөөс мэдэх боломжгүй гэсэн юм.

error: Content is protected !!