Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь хэвийн буюу түгээмэл урвалууд илэрч байна


ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма – 2021 оны гуравдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод 40 цэгт 93 багийн 650 ажилтан нийт 6,258 иргэнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 267,300 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Үүнээс гадна Орхон, Төв, Өмнөговь аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагуудын ажилтан болох 8,761 иргэнийг вакцинд хамруулнаар улсын хэмжээнд нийт 276,068 иргэн коронавирус халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдсан байна.

Мөн 50-иас дээш насны иргэдийн вакцинд хамруулах ажлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа. Одоогоор нийт хамрагдвал зохих иргэдийн 41.1 хувийг вакцинжуулсан байна.

Вакцинд хамрагдсан иргэдээс дархлаажуулалтын дараах хүндрэл гарч байгаа эсэхэд байнга тандалт хийж байгаа. Ингэхэд, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь хэвийн буюу түгээмэл илрэх урвалууд илэрч байна. Үүнд халуурах, бие арзайх, хэсэг газарт өвдөх зэрэг урвалууд илэрч байна.

АстраЗенека вакцин тариулсан иргэдийн 51 хувьд нь урвал илэрч байна.

Дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Вероселл вакцинд хамрагдсан иргэд дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тундаа хамрагдана. Харин АстраЗенека вакцин тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос хоёр дахь тунд хамрагдана.

Улсын хэмжээнд дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна гэлээ. 

error: Content is protected !!