Энэ бол Хүннү дээл биш 13-р Зyyны дээл

Хорь гаран жилийн өмнө археологийн малталтаар 13-р зууны 4-5 дээл олдсон нь яг ийм загвартай байсан гэдэг. Биед эвтэйхэн, жавхайсан, хөдөлгөөнд саад болохгүй. Нарийн ханцуй нь нум сум харвахад нийцтэй гээд яг л монгол баатарын хувцас санагддаг юм. 2009 онд Аравт киноны бэлтгэл ажил эхлэхэд манай зураач Ж.Цог агсан ийм дээлтэй баатруудын эскизийг надад санал болгож билээ. Цогоо ах маань Мандухай цэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин дор кинонуудад төрийн шагналт Пүрэвсүх зураачийн туслахаар ажиллаж эхлээд олон түүхэн киноны ерөнхий зураач хийсэн туршлагатай зураач билээ. Ингээд эскизээ аваад оёдолчин Дариа эгч дээрээ очсон.

Тэр үед уг загвар нийтэд тархаагүй, хүмүүс төдийлөн мэдэхгүй байсан. Археологийн загварыг яг дуурайлгаж музейд зориулж уг дээлийг хийлгэхэд оёсон оёдолчин нь манай Дариа эгч байсан юм. Аравт киноны дээл, хөө хуяг, сэлэм гээд зураачийн ажлууд нь аль олох 13-р зууны загварыг баримталсан билээ. Мөнх тэнгэрийн хүчин дор зэрэг Чингис хаантай холбоотой гадаад дотоодын кинонуудад ийм дээл урьд нь гараагүй ээ. Мөөрөлжин захтай л дээл өмсөж тоглодог байсан нь тухайн уран бүтээлчдийн буруу бус архелогийн олдвор хомс байсных юм шүү. Алсран холдох түүх маань олдворуудын буянаар бидэнд ойртсоор байдгийн жишээ энэ буюу. Гэтэл одоо гадуур уг дээлийг “Хүннү дээл” гээд нэршчихжээ. Чухам хэн ингэж нэрлэснийг мэдэхгүй. Мэдээд ч яах билээ шүүгч биш. Мэдэгдэж тодорхой болсон түүхээ хүндэтгэж зөвөөр нэрлэж хэвшицгээе. Энэ бол 13-р ЗУУНЫ ДЭЭЛ юм шүү. (Тарган хүн өмсөхөд нэн зохимжгүй…) хэмээн найруулагч Д.Золбаяр нийтлэв.

error: Content is protected !!