Баян-Өлгий аймагт Covid-19 илэрч тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт өчигдөр /2021.04.05/ Covid-19 халдварын нэг тохиолдол батлагджээ. Тодруулбал, халдвар авсан иргэн Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад энэ сарын 4-нд Өлгий хотод ирсэн аж. Тухайн иргэнийг аймагт ирэх үед хоёр удаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан тул нэн даруй тусгаарлажээ. Улмаар PCR-ын шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан байна.

Батлагдсан тохиолдлын бие хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй гэдгийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Одоогоор тухайн иргэнтэй Улаанбаатар хотоос цуг ирсэн есөн хүнийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлажээ. Халдвар бүртгэгдсэн тул аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохоор болжээ. Мөн аймгийн хэмжээнд өнөөдөр 06.00 цагаас эхлэн 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийгээд байна. Баян-Өлгий аймагт халдварын шинэ тохиолдол батлагдсанаар Монгол Улсын 17 аймагт Covid-19 бүртгэгдлээ. Үүнд, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгуудад халдвар бүртгэгдээгүй буюу ногоон бүс хэвээр байна. Мөн Дорнод аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

error: Content is protected !!