Азийн хатан хаан Г.Оюунгэрэл: Найзууд маань намайг Жарангэрэл гэж хочилдог болсон, би тоодог ч үгүй

Ард түмэнд Азийн хатан хаан нэрээрээ танигдсан загвар өмсөгч Г.Оюунгэрэлтэй ярилцлаа. Цахим орчинд шуугиад өнгөрсөн бичлэгээс гадна түүний хувь хүнтэй илүү ойр танилцахыг хичээлээ.

-Шуугиантай бичлэгийн дараа олон нийт таны талаар илүү их сонирхох болсон санагдлаа. Загвар өмсөгчөөс гадна ямар ажил мэргэжилтэй хүн бол гэх мэт олон асуултын хариултыг мэдмээр байгаа байх?

– Би Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгсөөд, ХУИС-ийн банк санхүүгийн ангийг улаан дипломтой төгсч байлаа. Дараа нь магистрийн зэрэгтээ БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэж, дипломын ажлаа фейшн маркетинг сэдвээр хамгаалсан. Уг нь математик, санхүүгийн чиглэлийн хүн л дээ. Харин загвар бол миний мөрөөдөл, хобби, намайг илэрхийлэх хамгийн тод өнгө гэж болно. Бага байхдаа нүдний шилтэй, хичээлээс өөр юм мэддэггүй даруухан охин байлаа. Загвар намайг нээж өгсөн гэж боддог юм. Анх 14 настайдаа Байгаль багшийнхаа шавь болж энэ салбарт хөл тавьсан. Багштайгаа учирч, загварынхаа гарааг зөв хүнээр тавиулсандаа багшдаа үргэлж талархаж явдаг.

-Саяхан цахим орчинд шуугиан тариад өнгөрсөн бичлэгийн дараа олон нийтийн зүгээс сөрөг дайралтуудтай тулгарахад хэрхэн хүлээж авсан бэ. Ер нь жаран-гийн талаарх мэдээллийг хаанаас сонсч байсан юм бэ?

-Тэрэн дээр тайлбар өгөхөд түрүү жил буюу хулгана жил гарахад манайх жилийн заслаа хийлгэж байсан юм. Би чинь сониуч хүн учраас бурхан шашны талын хүнтэй уулзахдаа мэдэхгүй зүйлсээ асуудаг. Засал хийж байсан хүнтэйгээ ярьж байтал Хулгана жилээс хулгана жилийн хооронд жаран тоолдог гэж хэлснийг нь би 12 жил гээд ойлгочихгүй юу. Жаран гэдэг чинь тэгвэл 12 жил юм байна гээд. Тэгээд түүнийгээ зүгээр сонирхуулах маягаар ярьсан чинь сенсаци болчихсон. Мэдээллээ шалгаагүй ярьснаас болж нэгэнт миний амнаас гарчихсан болсон үг болохоор тайлбар хийгээд өөрийгөө үгүйсгээд явах хэцүү. Хөнгөн, хөгжилтэйгээр л хүлээж авсан. Угаасаа бүх хүний мэдэж байх ёстой юм биш. Яаж хүлээж авах нь тухайн хүний л асуудал юм даа. Чамайг ингээд байхад яагаад чимээгүй суугаад байгаа юм гэх хүмүүс олон байсан ч миний хувьд сөргөөр хүлээж аваагүй.

-Энэ бүхний дараа ямар дүгнэлттэй үлдсэн бэ. Сошиал дайралтад өртсөн хүмүүсийн дийлэнх нь хэвлэлд хаалттай болчихдог тал бий?

-Нийгэм их бухимдалтай, хүмүүс их сөрөг хандлагатай байдаг юм байна гэж бодсон. Надад зүгээр байсан ч сэтгэгдлүүдийг нь уншихад мэдээж эвгүй байсан.Уг нь тэр чинь амьдралд хэрэгтэй, аминд тулчихсан асуудал биш шүү дээ. Нийгэмд болж бүтэхгүй шүүмжлэх ёстой сэдвүүд өөр зөндөө л бий. Хүмүүс элдэв меме гаргаад л байсан. Тэрийг нь шэйр хийхээр Өөрийгөө ингэж доромжилдог хүн байдаг юм уу л гэцгээдэг юм. (инээв) Дopoмжлоод байх юу байхав дээ тийм ээ, инээдэм, наргиа болгоод өнгөрүүлж сурах хэрэгтэй.

-Хандалт авах зорилгоор зочноо эвгүй байдалд оруулах яриаг хасалгүй оруулжээ гэж сэтгүүл зүйн салбарынхан дүгнэж, бичиж байсан. Үүн дээрх таны бодол?

-Тэр хоёр нэвтрүүлгийн дараа Ийм хэсэг орчихжээ, хасах уу? гэж залгасан. Нэгэнт би ярьчихсан юм чинь одоо хасаад яахав гээд бүтнээрээ орсон нь тэр. Яг сэтгүүл зүйн бүтээл, телевизийн нэвтрүүлэг биш шүү дээ. Youtube дээр тавигддаг сошиал контент гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай найзууд чинь намайг Жарангэрэл гээд л шоолоод байгаа. Тэр нэрэндээ бараг эвлэрчихсэн сууж байгаа юм биш үү. (инээв)

-Азийн хатан хаан гэж нэрлэдэг нь ямар учиртай билээ. Энэ нэрэндээ дуртай юу. Андрей Кимийн шалгуурийг давсан анхны монгол модель ч гэдэг?

-Азийн хатан хаан гэдэг нэрэндээ би маш дуртай. Миний оролцсон Miss Tourism Queen International тэмцээнээс авсан шагналтай холбоотой нэр л дээ. Тив бүрээс төлөөлүүлж шилдэг нэг мисс шалгаруулахад Ази тивээс би шалгарч байсан юм. Анх намайг олон түмэнд таниулсан цол болохоор Aзийн хатан хаан гэж өндрөөр үнэлж, дуудуулж байгаадаа баяртай байдаг. Тухайн үед миссийн тэмцээн нь бүтэн сарын турш Хятадын мужуудаар автобустай аялал хийх байдлаар зохион байгуулагдаж, хэдий их ядарч байсан ч улсаа төлөөлж яваа учраас бүх зүрх сэтгэлээ зориулж оролцож байсан. Миний хувьд гадны агентлагууд руу өөрийнхөө материалыг уйгагүй явуулдаг байсан. Анкетаа явуулсны дараа Андрей Кимийн шалгаруулалтад орох боломж нээгдэж, таван жилийн гэрээтэй ажилласан. Андрей Кимийн онцлог нь жүжиглэлт, нүүрний хувирал талыг түлхүү хардаг. Миний нүүрний хувиралт их таалагдсан учраас сонгосон гэсэн.

-Одоо загвараа өмсдөг үү. Хэрэв энэ чиглэлээр яваагүй байсан бол ямар ажил хийх байсан бол?

-Миний хувьд Солонгост сургуулиа төгсөөд том хүүгээ гаргаад, дараа нь охиноо төрүүлсэн хоёр хүүхдийн ээж. Сая охин маань таван нас хүрч одоо л хүүхдүүд маань гараас гарч байна. Хүүхдүүд бага байхад гэр бүлдээ илүү анхаарал хандуулах ёстой гэж үзсэн. Одооноос л ажилдаа идэвхитэй орно. Загвараасаа би холдоно гэж байхгүй байх аа. Амьдралын минь нэг хэсэг болчихсон. Зураг авалт, загварын шоунуудад гэхдээ оролцож ирсэн. Хэрэв загварын дамжаанд ороогүй бол нүдний шилтэй, санхүүгийн мэргэжлээрээ ажиллаж байх болов уу.

-Дуучин Укагийн дууны клипэнд таны хуримын ёслол гардаг юм билээ. Эрдэнэт үйлдвэр-ийн бэр гэж мөн шар хэвлэлүүдээр бичигддэг. Нөхөртэйгээ анх яаж учирч байв?

-Бид хоёр чинь бүр багадаа долдугаар ангидаа Найрамдал зусланд танилцаж байсан. Дундын найзууд олонтой, төрсөн өдөр, эвентүүд дээр олон таардаг, боловсон, жентельмен залуу байна гэж боддог байсан. Манай хүн чинь уйгагүй найрсаар байгаад авч суусан даа.

-Дэлхийд нэртэй Монгол гэх ТББ байгуулж байсан билээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар сонирхуулахгүй юу?

-Дэлхийд нэртэй Монгол ТББ бол Монголын загварыг дэлхийд таниулах зорилготойгоор найзуудаараа нэгдэж байгуулсан. Бидний хамгийн анхны ажил New York fashion week байсан. Заавал ашиг олохоосоо илүү хүсэл зорилгоороо юм хийх дуртай.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Цойлогсод гэдэг номыг онцолмоор байна. Мөн Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх аргууд таалагдсан. Монголчуудтай их ойр санагдсан.

-Өөртөө хэвшүүлдэг чухал гэж боддог дадал, зарчим юу байдаг вэ?

-Хүний амжилт өдөр тутмын үйл ажиллагаанаас хамаарна гэж боддог. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зөв амьдралын хэв маягийг хамгийн чухал гэж боддог. Би эртэч талдаа хүн. Гэрийнхнээсээ түрүүлж босоод бясалгалаа хийдэг. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдгийг амьдралдаа яс мөрддөг. Өглөө босоод заавал шим тэжээлтэй хоол идэх ёстой гэж боддог учраас нөхөр, хүүхдүүддээ заавал өглөөний цайг нь уулгаад гаргадаг. Өглөөний хоолыг оройн хоолноосоо илүү бэлдэж, гэр бүлээрээ хооллодог. Ер нь хүн өглөө л хамгийн сайхнаараа хооллох ёстой гэж боддог.

Ярилцсан: Ч.Биндэръяа

error: Content is protected !!