Хөл хорионы үед: Агаарт гарах, хүнсний дэлгүүрүүд нээлттэй

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо.

Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.

error: Content is protected !!