Р.Эмүжин Чихмэл туулайтай охин…


Хорионы өмнөх өдөр Их дэлгүүрийн баруун хойд талын орон сууцнууд дунд нам бөглөрсөн. Бөглөрлийн шалтгаан нь тэндэхийн нэг айл гэр бүлээрээ эмнэлгийн машинд сууж, араас нь халдварын ариутгал хийж, тусгаарлах хувцастай хүмүүс бужигнаж байсан. Айл л юм болсон хойно хүүхдээ хөтлөөд, ойр зуурын юмсаа цүнхэлж үүрээд, охин нь чихмэл туулайгаа тэврээд уйлчихсан, лав дөрвөн ам бүлтэй айл гэдэг нь хэнд ч тодорхой харагдаж байсан. Нөгөө муу ягаан туулайг хүн бүр ад үзээд, охин бүр тас тэврээд зүтгээд байх юм. Туулайгүй бол хаашаа ч явахгүй янзтай, түүний буруу биш, тэр балчир охин гадуур тэнээгүй, түүнд шударга бус байгаа. Бөглөрөлд зогссон жолооч нар бүгд тэвчээртэй хүлээж, түргэний машин хөдөлж зам чөлөөлөгдсөний дараа л араас нь явцгаасан.

Гэр нь эзгүй, орц нь ханхайгаад үлдэх эвгүй л юм билээ, байрных нь хүмүүс цонхон дээрээ шавчихсан хараад л…яагаад ч юм нэг тийм гашуун гуниг сэтгэлд хургачихсан даа. За манайхаан, ядаж гарч байгаа шинжилгээнийхээ хариуд итгээд эмнэлэгт оч л доо. Шинжилгээ нь эерэг гарчихаад байхад Үхсэн та нарын зохиосон ковид гэдэг тархи угаалтанд би итгэлээ юү, дарамталж далайлгаж байна, наад хариунд чинь итгэхгүй гэж хашгираад эмнэлэг явахгүй гэртээ гэдийсээр байгаад хүндэрч байгаа хүн ч байдаг юм байна. Та өвдчихжээ, яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж эмч учирлаад, сувилагч царайчлаад байхад л Намайг аваачиж алах гэлээ, миний генийг хулгайлах гэж байна, надад чип суулгалаа, эрхийг маань зөрчлөө… гээд орилоод дайраад байна гэхээр ай бас хорвоо шүү. Ингэтлээ битгий харанхуй бай л даа.

Эмч сувилагч нарыг толгой тархигүй загнаад, буруутгаад…ядаж дараагийн өвчтөн нь хүлээж л байгаа гэдгийг санаж болохгүй юу. Хөнгөн хүнийг юу гээд л ор хүрэлцэхгүй байхад заавал эмнэлэг рүү авч явах гээд байхав дээ. Өнөөдрийг хүртэл энэ вирусаар 31 хүн амьдралаас буцлаа. 20-72 насныхан байлаа. Тав нь гэртээ өнгөрлөө. Ковид тусчихсан хэрнээ тас нуугаад, өөрөө өөрийгөө эмчилдэг хүн болж хэвтсээр байгаад муудсан хүн ч байна. Гэтэл цагт нь тусламж үйлчилгээ авч чадсан таван настан ч эдгэж, 80 гарсан эмгэн ч босоод ирж л байна. Жаахан учиртай л байцгаая. Яаж бодохоороо эрүүл хүнд ковид гэдэг өвчин зохиогоод, өвдчихсөн байна гэж үлгэр туурвиад, арьс махных нь завсар чип суулгах вэ дээ.

Тэр чипээр ер нь яах юм, үнэхээр та хэрэгтэй бол утсыг нь чагнаад, гудамжны камер шүүгээд л олчихно, үгүй ядаж виза картаа уншуулахад чинь аль дэлгүүрт хэдэн цагт наймаа хийснийг чинь мэдээд танина. Ийм цуурхалд итгэж өрх бүлээ л хөнөөх хэрэггүй шүү. Гэртээ хөл хорионд, өрөөндөө нам хорионд эрүүл, элэг бүтэн сууж байгаа нь хамгийн том аз жаргал гэдгийг ухаар. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, нэг эмчид 35 буюу түүнээс дээш өвчтөн оногдож байна даа. Ар гэрийнхэн, анд нар, ажлынхан нь бүгд дам хавьтагч гээд шинжилгээ өгөөд, журамлуулаад, амьдралаараа, эрүүл мэндээрээ чирэгдэж зутарч байна. Үүнийг л ойлгоод өгөөч дээ.

error: Content is protected !!