Зууны манлай Сараа оюутан насаа дурсав

Салаа хархан гэзгээ хоёр хуваан сүлжиж, цэцгэн хээтэй даашинз өмссөн дөлгөөн харцтай энэ охин бол Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа. Тэрбээр Г.Батмөнх хэмээх монгол залуу, Таня хэмээх якут охины хайр сэтгэлийн дундаас үсэрсэн хоёр дахь оч нь билээ. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Дарханы 4-р сургуульд сурч байх үед түүний гадаад хэлний мэдлэг тааруу байсан тул хичээлүүд нь их уйтгартай санагддаг байв. Сургуулиасаа шилждэг ч юм уу гэж бодож явтал найрал дууны дугуйланд орох хүүхэд байна уу? гэхэд нь юу гэдгийг мэдэхгүй ч хүүхдүүдийг даган гараа өргөөд бүртгүүлчихжээ. Санамсаргүй болсон энэ явдал түүний нуугдмал авьяасыг нээжээ.

Зууны манлай дуучин Б.Сарантуяа Дархан хотоос Улаанбаатар хотын есдүгээр сургуульд шилжин ирснийхээ дараа ангийнхаа охин Лхамжавтай хамтарч дуулах болов. Улмаар есдүгээр ангидаа Мөнгөн харандаа хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж эхэлжээ. Түүний хамгийн анхны тайз нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгсөлтийн үдэшлэг байсан бөгөөд алдарт дуучин Стив Вондерийн I just called to say i love you   хэмээх дууг дуулжээ.

Тэрбээр өөрийнхөө зүүднээс хамгийн их уран бүтээлийн санаа, сэдэл авдаг хэмээн хэлсэн юм. Дашрамд хэлэхэд түүний хамгийн хайртай цомог нь Аргагүй амраг ажээ. Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин хэмээх хүндтэй шагналаа эцгийнхээ гараас ёслол хүндэтгэлтэйгээр авч буй цэл залуухан, 29 настай дуучин бүсгүй Б.Сарантуяа. 1999 он.

Зоргоор туулах он жилүүд нь дуун тамгатай, зоригоор туучих омголон сэтгэл нь дуун домогтой, золгоод учрах зүрхэн эгшиглэн нь дуун хадагтай тэрбээр Зууны манлай хайрын дууч бурхан билээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч Ү.Хүрэлбаатар түүний хөрөгт ингэж бичсэн байдаг.  Зуун дамжин монголчуудынхаа сонорыг мялаах авьяас билэг, хүч хөдөлмөр, хувь заяанд төрсөн МУГЖ дуучин Б.Сарантуяа оюутан насандаа ийм төрхтэй байжээ.

error: Content is protected !!