UFC-н тулаанч Д.Батгэрэл 50 секундэд хүнд цохилтоор яллаа


Монголын тулаанч Данаагийн Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад ердөө 50 секундэд нокаутаар (KO/TKO) яллаа.   

Холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох UFC холбооноос АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын VyStar Veterans Memorial Arena ордонд өнөө өглөө зохион байгуулж буй 261 дэх тулааны хүрээнд тэмцээний дөрөв дэх тулаан буюу 61,2 кг жинд манай тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадтай тулалдсан.

Кевин 28 настай. Холимог тулаанд 11 тулалдаж, 9 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй. 5 удаа хүнд цохилтоор, 3 удаа өчиж, боох мэхээр ялж байжээ.   

Харин Д.Батгэрэлийн хувьд холимог тулаанд 8 ялж, 2 ялагдсан. Тэрбээр UFC-д гурав дахь тулаанаа хийж байна. Аргентины Guido Cannetti-г ялснаасаа хойш нэг жил, нэг сарын дараа ийнхүү тэмцээнд орж ялж байна.

Кевин Нативидад жи жицү суурьтай, сүүлийн 6 тулааныхаа тавд нь ялаад байсан юм. Харин энэ удаа бооцоо тавигчдын ихэнх нь ялалтыг манай тамирчинд тавиад байжээ. 

error: Content is protected !!