Урнаа: Өөрөө их мөнгө олдог байж аавынхаа гэрийн цонхийг вакум болгоод өгчөөч гэсэн


Хувьсал продакшны жүжигчин Урнааг танихгүй хүн ховор доо. Түүний ээж, аав хоёр хамтдаа амьдраад 8 хүүхэд төрүүлж өсгөж, 66 жилийг үджээ. Өдгөө 80 гарсан хоёр сайхан буурай бий. Урнаа ээж, аав хоёртойгоо хуучилж буй бичлэгээ инстаграм хуудастаа их оруулдаг юм. Харин түүнийг дагагчид нь өөрөө их мөнгө олдог байж аавынхаа гэрийг сайхан болгооч. Ядаж цонхийг нь вакум болгоод өгчөөч хэмээн шүүмжлэх болжээ. Харин жүжигчин бүсгүй дараах хариултыг тэдгээр хүмүүст өгөв.

Миний инста-хаягыг дагадаг найзууд үнэхээр эерэг найрсаг, үргэлж сайхан үгсээр урам зориг өгч, өөрсдийн сэтгэл зүрхний сэтгэгдлийг үлдээдэг…
Аав ээж хоёрын минь +80 бичлэгүүдэд ч дуртай байдаг… Инста фэн нь ч олон болсон байх…
Хаа нэг ганц хоёр сөрөг гэмээр юм уу эсвэл би өөрийнхөөрөө буруу ойлгоод байна уу гэмээр комент мэр сэр орж ирнээ…Өнөөдөр ээжийг усанд оруулах өдөр болохоор аавындаа өдөржин шахуу өнжихдөө цонхных нь модон рамыг хараад хэзээ ч билээ уншсан санагдах нэг хүний комент санаанд орлоо…


…Өөрөө зөндөө их мөнгө олдог байжийж аавынхаа гэрийн цонхийг вакум болгоод өгчөөч… гэсэн байлаа…
Юм гэж хоёр талтай… Далд суурьтай…
2-дахь зурaг нэг нь 30-аад жилийн өмнөх Бирюса, нэг нь сүүлд авсан LJ хөргөгч… Хуучны 9 давхар байрнуудын гал зуухны өрөө зай багатай… орон зай багасаж, тухгүй байсан ч хамаагүй дунд охиных нь авч өгсөн хөргөгч болохоор хичнээн гоё том хөргөгчтэй болсон ч хаяхгүй гэнэ…Тэр ээжийн шөлөө буцалгаж байгаа плитка нь энэ байранд ороход л байсан…

Орос плитканы ширэм сайн гээд дүлийрчихвэл ширэмыг нь л солино… Дараагийн зурган дахь шар паалантай сав бараг 60 жил болж байгаа… одоо болтол манай хоёр боорцог талхаа хийдэг…Цонхны тухайд аав хэлдгийн: модон цонх дулаан алдахгүй сайн талтай… өөртөө ажил болгоод жил бүр дулаалгаа сайн хийхэд болно доо гэж…

Энэ байрнаас өөр аятайхан газар нүүлгэе гэж хүргэнээ хэлэхэд байрныхаа хөзөр даалуу тоглодог найз хөгшчүүлдээ хорогддог…Хуучнаа шинээр солих дургүй…Хэрэглэж болж л байвал ямар ч асуудалгүй гэдэг зарчимтай хоёр хөгшин дөө…Хоол хүнсэнд бол мөнгийг гамгүй зарцуулна… Ам руу орж байгаа зүйл эрүүл байх ёстой… чанартай сайн эм тан хэрэглэх хэрэгтэй гээд хүүхдүүд бидэнд байнга л хэлнэ…

Магадгүй одоо МИНИМАЛ гээд шуугиад байгаа ч ахмадууд маань энэ зарчмыг аль эрт мэддэг байсан юм бус уу…
Аав ээж хоёрыгоо болж өгвөл юугаар ч дутаахгүй байхыг…эрүүл саруул, сэтгэл санаа нь амар тайван, тав тухтай, үр хүүхдүүд нь орсон гарсан, тэднээрээ бахархсан, халамж хайраар дутахгүй,жаргалтай байгаасай гэж үргэлж хүсдэг, тийм байлгахыг хэрэндээ хичээдэг жирийн нэг айлын дунд охин шүү би…
Харин инста-найзуудын ээж аав хуучин зүйлдээ хэр хандаж байна? хэмээв.

error: Content is protected !!