Насаараа байрны лизингэд дарлуулахаас татгалзан монгол гэрээ сонгосон аз жаргалтай хос


Монгол гэрийг тохижуулан амьдарч буй залуу хосын зураг өнгөрсөн оны өвөл цахим орчинд ихээхэн тарсан билээ. Олон хүнээс магтаал хүртсэн ажилсаг залуу хос Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэ хүнээ өлгийдөн авч, өрх тусгаарласан тэдний зургийг зарим хүмүүс хуримын зураг гэж андуурчээ. Монгол гэрийг орчин үеийн орон сууцнаас дутахааргүй тохижуулсан тэдэнтэй холбогдож, ярилцсан 2020 оны яриаг хүргэж байна.

Анх танилцаад нэг жил гаруй болсны дараа хүүхэдтэй болохоор шийдсэн. Бид хоёр аав, ээж нараасаа тусламж авахгүйгээр амьдралаа тэгээс эхлэхийг хүссэн.

Хоёулаа ажил дээр гараад хоёр, гуравхан жил болж байгаа учраас их мөнгө хурааж амжаагүй. Машины урьдчилгаа хийж, машинтай болчихсон байсан.

Байранд амьдрах сонирхол байхгүй. Монгол гэрт амьдрах дуртай. Насаараа байрны лизинг төлж байснаас гэрээ бариад, хүссэнээрээ тохижуулья гэж ярилцсан.

Гэр маань аав, ээжийн минь амьдарч байсан гэр л дээ. Аав минь гэрийн модоо өөрөө хийсэн юм. Хана, тооныг нь шинээр авсан.

-Шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баярмаа, нөхрийг маань Б.Жавхланбаяр гэдэг. Хоёулаа 25 настай. Би санхүү менежментийн чиглэлээр их сургууль төгссөн. Саяхан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад амаржсан. Нөхөр маань хүнд машин механизмын засварчин. Энержи ресурс компанид ажиллаад нэг жил болж байна.

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Та хоёр хуримын зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байсан?

-Бид 2020 оны аравдугаар сарын 28-нд нутагтаа шинэ гэрийн найраа хийсэн юм. Хүмүүс биднийг хуримаа хийсэн гэж ойлгоод байх шиг байна лээ. Шинэ хүнээ өлгийдөж аваад, хоёр сар болсны дараа тусдаа гарч байгаа нь энэ л дээ. Мөрөөдлийн өргөө цагаан гэрээ бариад, амьдралаа зохиож, өрх тусгаарласандаа баяртай байна.

-Монгол гэрийн модыг цагаанаар будсанаар илүү гэгээлэг харагдаж байна. Хэнийх нь санаа байв?

-Гэрийн модыг цагаанаар будсан нь миний санаа байсан. Нөхөр маань миний санааг дэмжээд, гэрийн модны өнгөтэйгөө хослуулж, бүх тавилгаа цагаан болгосон. Би өөрөө фэйсбүүкээр монгол гэрийг хэрхэн тохижуулах талаар судалгаа их хийдэг байсан. Нөхөртэйгөө ярилцаад, тавдугаар сард хот руу явж, гэрийн тавилгаа ачиж ирсэн. Нутагтаа ирээд гэрийн модоо будаад, буйраа цутгаад барьж эхэлсэн. Миний хувьд монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулж болдог гэдгийг харуулахыг хүссэн.

-Нууц биш бол гэрээ ингэж тохижуулахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Бид анх тооцоогоо гаргасны дараа хот руу явсан. Гэрийн хана, тооныг тооцохгүйгээр доторх тавилга, зурагт, гал тогооны бүх хэрэгсэлтэйгээ нийлээд 15 сая төгрөгөөр тохижуулсан. Одоо гэртээ уран зураг тавих дутуу байна. Заавал орон сууцанд тухтай сайхан амьдардаггүй.

-Өмнөговь аймагт монгол гэр өндөрлөж, барьдаг моод дэлгэрч байна уу?

-Тавилга хийж өгсөн ах маань олон айлд очиж, тавилга нийлүүлдэг. Тэр хүн “Ер нь нутгийн хүмүүс монгол гэрээ өндөрлөж барьдаг болжээ. Маш сайхан тохижуулсан олон айл бий” гэж хэлж байсан.

error: Content is protected !!