Г.Золбаяр: Би гэрээсээ Лондонд ажилладаг болсноор Монголд авдаг хагас жилийн цалингаа нэг сард л авдаг болсон

Энэ удаагийн #ШийдэлӨглөө буланд бид Монгол улсдаа программист мэргэжлээр сурч төгсөөд өөрийгөө бие даан хөгжүүлж, гэрээсээ Лондонд ажилладаг болсон хөдөлмөрч залуу Б.Золбаярыг онцолж байна. Аз жаргалаа холоос биш ойроос хайж, яг одоо хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ хийж чадвал хүн бүрд боломж бий шүү.

Би багаасаа л Google, Facebook гэх мэт технологийн том компаниудад ажиллах мөрөөдөлтэй хүүхэд байлаа. 10 жилд байхдаа гадаадад сурна гэж мөрөөддөг байсан ч явж чадаагүй юм. Монголд оюутан болоод ч гэсэн 3, 4-р курсдээ гадаадад сурчихъя гэж боддог байсан. Гэхдээ бас л болж өгөөгүй. Тэгээд дараа нь ажлын туршлагатай болж байгаад мөнгө сайн хуримтлуулаад магистраа гадаадад хамгаална гэж дотроо бодсон.

2014 онд Монголд их сургуулиа төгсөөд нэг томоохон компанид программистаар ажилд орсон. Эхний нэг, хоёр жилдээ ёстой л учраа олохгүй явсан. Оногдсон ажлаа л дөнгөн данган хийдэг байснаа удалгүй ажилдаа гаршиж эхэлсэн. Цалинг нь авч байгаа юм чинь бүх чадлаараа хичээе гээд компанидаа шинэлэг зүйлүүдийг сэдэж хийдэг байлаа. Компанийнхаа дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, ажилтнууд хамтран ажиллахад илүү таатай болгоход туслах хоёр төсөл хэрэгжүүлсэн. Ингэх явцдаа би маш их юм сурсан. Бас өөрийгөө хөгжүүлэх зорилгоор өглөө эрт босож ажилдаа явах хүртлээ мэргэжлийн болон өөрийгөө хөгжүүлэх ном уншиж, программын бодлого бодож, англи хэлээ сайжруулдаг байсан. Тухайн үед зорилгоо дотроо биелсэн юм шигээр л төсөөлдөг байлаа.Нэг өдөр миний хийж байсан төсөлтэй холбоотой онлайн форум дээр нэг хүн цагийн ажлын зар оруулчихсан байгааг нь хараад и-мэйлээр холбогдсон юм. Тэгээд дөрөв хоногийн дотор ажлыг нь хийж өгөөд сая гаруй төгрөг авч байлаа. Өдөр бүр хичээсний минь үр дүн гарсан болохоор ч юм уу тухайн үед маш их баярлаж, анхны долларын цалингаа аваад баярласандаа уйлсан.

Энэ маягаар хэдэн сар онлайнаар цагийн ажил хийж байтал нэг үйлчлүүлэгч маань надад бүтэн цагийн ажлын санал тавьсан юм. Ингээд л магистрын зэрэггүй, гадаадад сурч үзээгүй, Англид ч очиж үзээгүй би гэрээсээ Лондонд төвтэй технологийн компанид гэрээт ажилчнаар ажилладаг болсон доо. Одоо бодоход би оюутан байхдаа аз жаргалыг хэт холоос хайгаад бусдын адил гадагшаа л явчихвал боллоо гэж боддог байсан юм билээ.Хүмүүс зөвхөн зорилгодоо л анхаараад хүрэх арга, үйл явцад нь анхаарлаа хандуулдаггүй юм шиг санагддаг. Яг одоо хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ зориулж байж л үр шимийг нь хүртэнэ шүү дээ.

Юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн Америкт ч юм уу гадаадад сурахдаа л анхаараад байдаг. Одоо өөртөө байгаа сурах боломжуудыг олж харж чадахгүй, хийж байгаа ажилдаа анхаарал хандуулалгүй хаячихдаг. Уг нь сурна гэсэн зүйлээ өдөр бүр бага багаар хийгээд ахиулаад л байх хэрэгтэй юм байна лээ. Харин нэг өдөр гэнэт мотивац аваад ном уншиж, дасгал хийснээ маргааш нь сонирхол нь буурахаар хийхээ больж болохгүй.2019 оны хавраас эхлэн гэрээсээ Лондонд ажилладаг болсноор түгжрэлд цаг үрэхээ больсон. Цалин ч гэсэн хамаагүй өндөр, Монголын хагас жилийн цалингаа нэг сард авдаг болсон. Мөн ажлынхаа хажуугаар gerelt.gereesee.com сайтыг ажиллуулдаг. Энэ нь ашгийн бус, үнэ төлбөргүйгээр гадаадад гэрээсээ ажиллахыг хүсдэг эсвэл өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүмүүст зөвлөгөө өгдөг сайт юм. Учир нь гадаадад сурсан сураагүй дуртай ажлаа олоод хийчих юм бол өдөр бүхэн аз жаргал шүү дээ.

Шийдэл Өглөө нийтлэлийг вэб дээрээс унших:ugloo.mn/б-золбаяр-монголдоо-гэрээсээ-лондонд/#ugloo#өглөө#ShiidelUgloo

error: Content is protected !!