М.Энхчимэг: Ингэтлээ таргалсандаа гутрах ,шантарч бэрхшээдэг байсан

Өөрийгөө өөрчилж бас ялан дийлж чадсан энэ бүсгүйг М.Энхчимэг гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Түүний тоглосон зарим киног одоо ч үзэгчид маань санаж байгаа байх. Хамгийн сүүлд гэхэд Бэрүүд Олон ангит Уран сайхны кино, Бүтэн амьдрал Олон ангит Уран сайхны кино гээд л дуридаж болно.

Тэрээр багаасаа махлаг охин байсан ч хүүхэд гаргасны дараа огцом жин нэмж 103 кг хүртлээ таргалсан аж. Өнгөрсөн хугацаанд турах бүхий л аргаар оролдож байсан ч ихэвчлэн дундаас нь шантарч хаях, зарим үед огцом турсан ч буцаад огцом жин нэмэх зэргээр монгол бүсгүйчүүдийн нэгэн адил давааг давж явсан.

Харин хөл хорио тогтоосон нэг сар шахмын хугацаанд тэрбээр 35 кг илүүдэл жингээ хасаж чадсан байна. Түүний амжилтыг өдөр бүр шахуу ажиглаж байсан фэйсбүүк найзын хувиар онлайн ярилцлага хийх санал тавьсан юм. Тэрээр дуртайяа хүлээн авсан билээ.

-Сайн байна уу. Таны жингээ хасч буй зураг, бичлэгийг харсан олон хүн магтаж урамшуулж байгаа анзаарагдсан. Анх хэзээнээс жин нэмж эхэлсэн бэ? Ер нь багын мяраалаг хүүхэд байсан уу?

-Баярлалаа. Миний хувийн амжилт хэдий ч бусад урам зориг өгөх болов уу гэх үүднээс тантай ярилцахдаа дуртай байна. Би багын мяраалагдуу хүүхэд байсан. Гэхдээ тийм их биш. Заримдаа хичээвэл мэдээж огцом жингээ хаячихдаг ч эргээд огцом нэмэх зэргээр хэлбэлзээд л байдаг байлаа. Харин хүүгээ төрүүлснийхээ дараа 103 кг жинтэй болсон. Янз бүрээр оролдоод огт турж чадахгүй байсан. Хөл хорио тогтоосон өдрүүдэд жин хасах боломжуудыг тууштай судалж эхэлсэн л дээ. Энэ бол алтан боломж. Яагаад гэвэл хүссэн ч хүсээгүй ч гадуур хооллохгүй. Зөвхөн гэртээ, бас өөрийн хүслээр байх өдрүүд гэж би харсан. Ингээд хооллолтоос эхэлье гэж шийдсэн. Яг өөртөө тохирсон хоол хийж идээд, тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн.

-Дасгал хөдөлгөөнөөс эхэлье. Ямар дасгал хийсэн бэ. Танай гэрт гүйлтийн зам мэдээж байсан байх?

-Байгаа л даа. Хэт их таргалалттай, жин ихтэй болохоор гүйлтийн зам дээр гүйнэ барина гэсэн ойлголт мэдээж байхгүй. Удаан алхдаг байсан. Сүүлдээ жин хаяад эхлэхээр урамшаад өөрийнхөө дуртай бүжиг, аэробекээр хичээллээд эхэлсэн.

Мэдээж айл бүрт элдэв янзын фитнессийн тоног төхөөрөмж байхгүй нь ойлгомжтой. Иймд өөрийнхөө дуртай төрлөө сонгоод хийвэл дээр. Өөрөө дуртай болохоор урамшаад улам их хийх хүсэл ч төрдөг. Мэдээж энэ дунд шантрах бэрхшээх, ингэтлээ таргалсандаа гутрах гээд янз бүрийн сэтгэл хөдлөл гардаг. Гэхдээ жин хасаад эхлэх мөчид энэ бэрхшээл баяр хөөрөөр солигддог. Урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цааш явахаас өөр сонголтгүй болдог.

-Түрүүн та хамгийн чухал нь хоололт гэж хэллээ. Хөл хорионы өдрүүдэд хоолоо зохицуулах боломжоос турах шийдвэр эхэлсэн үү?

-Яг тийм. Хаашдаа гарч, орж болохгүй, гадуур хооллож зугаацах боломжгүй үед өөртөө цаг зарцуулъя, хамгийн гол нь эрүүл хооллоё гэж шийдсэн. Дасгал хөдөлгөөн+хоололт хоёр зэрэгцэж байж л амжилтад хүрэх юм билээ. Тэнцвэртэй хоол буюу 6-18-аар хооллосон.

Энэ нь өглөөний 9 цагаас өдрийн 15 цаг хүртэл хүссэнээрээ хоол идэж болно. Мэдээж нүүрс ус, ислэг, илчлэг бүгдийг нь тодорхой хэмжээгээр авдаг. Харин 15 цагаас хойш мацаг барина.

Үүнээс гадна хөл хорионы өдрүүдэд хүмүүс таргалж байгаагаа илэрхийлсэн зургууд ихээр оруулж байгаа харагдсан. Стори нээх болгонд гоё гоё хоолны зургууд ихээр постолж байсан. Үүнийг хараад нэг ч гэсэн хүнд өөрийнхөө туршлагаас хуваалцъя, урам зориг өгье гэх үүднээс таны асуултад дуртайяа хариулахаар шийдсэн. Мөн энэ бичлэгээ ч хийсэн.

Манай монголчуудын дийлэнх нь илүүдэл жинтэй буруу хоолодог улс. Гэр бүлээрээ хамт байгаа, гэрээсээ гарч орохгүй байгаа энэ үед бид бухимдаж суухаар эрүүл байцгааж, илүүдэл жингээ хасах бүрэн боломжтой гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Та бүхэн ч гэсэн хичээгээд үзэхэд заавал амжилтад хүрнэ.

-Одоо та яг хэдэн кг хасаад байна?

-Намайг ингээд хичээгээд эхлэхээр гэр бүлийн хүн маань ч дэмжээд, бид бүгд зөв хооллож гэрээрээ дасгал хийх цаг гаргаад эхэлсэн. Би 35 кг, нөхөр 12 кг, тэр ч бүү хэл хүү маань 7 кг хассан. Энэ бол цэвэр илүүдэл жин байсан. Хөл хорионы хэцүү үеийг миний хувьд боломж болгож чадсан. Цаашид хэвийн амьдралдаа орсон ч энэ хэмнэлээ алдахгүй байж чадах дасан зохицолтой болсон гэж бодож байна.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

error: Content is protected !!