Жүжигчин Б.Батмаа: Ямар нэг дүрд тоглоно гэхээс илүүтэй оногдсон ажлаа сайн гүйцэтгэхийг зорьдог

Жүжигчин Б.Батмааг Залуус буландаа урилаа. Түүнийг бид Шүүдэр дундуур, Приусны босс, Хуримын даашинзтай бүсгүй, Hi honey зэрэг киногоор мэдэх билээ. Тэгвэл тэрбээр сарын өмнө анхны дуугаа гаргаж, өөр нэгэн өнгө төрхийг үзэгчдэд хүргэсэн юм.

– Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье?

-Анхны бие даасан уран бүтээлээ үзэгчдэд хүргэлээ. Одоо зуны улирал болж байгаатай холбогдуулан summer time гээд дараагийн уран бүтээлээ гаргахаар бэлтгэл ажилдаа орсон. Киноны хувьд сүүлийн үед олон ангит кино түлхүү хийгдэж байгаа юм билээ. Би энэ төрлийн кинонд тоглохоос одоогоор татгалзаж байгаа. Учир нь, олон ангит киноны дүрд тоглохоор үзэгчид тухайн тоглосон дүрээр хүлээж авах гээд байх шиг санагддаг. Түүнээс гадна жүжигчнээс их ур чадвар шаардана. Тиймээс түр хойшлуулсан. Мөн new film студид гэрээт ажилчнаар ажиллан, зургийн дарга хийхээс гадна бусад контент, нэвтрүүлэг дээр ажиллаж байна.

-Киноны санал хэрхэн хүлээж авдаг вэ. Тодорхой шаардлага тавьдаг байх?

-Би уран бүтээлийн санал авна , эсвэл хаанаас санал ирэх бол гэж хүлээж суудаггүй. Аль болох өөрөө сураглаад, олж мэддэг. Хаана дүрийн сонгон шалгаруулалт болж байна, юунд би өөрийгөө сорих вэ гэж эрэл хайгуул хийдэг. Тэгээд очоод, шалгалт өгдөг. Бусад уран бүтээлчид ч мөн адил шинэ санаа, үг, сэдэв гээд үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж, тодорхой хэмжээнд хөдөлмөр гаргадаг байх. Үүнтэй адил жүжигчид бид ч гэсэн цаг ямагт шинэ уран бүтээлийн эрэл сурал хийж явдаг. Харин сүүлийн жилүүдэд цар тахлаас үүдээд нэг ангит шинэ киноны сураг бага байна.

-Уран бүтээл гаргах санаа хэзээ төрөв. Энэ таны мөрөөдлийн нэг хэсэг үү?

-Багаасаа дуулах мөрөөдөлтэй байсан. Урлагийн зам руу орох суурь минь энэ сонирхлоос минь үүдэлтэй. Жүжигчин хүн тал бүрийн мэдрэмжтэй, бүх талын авьяастай байх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа өөрийн мөрөөдлөө биелүүлэхээс гадна нэг авьяасаа нээж буйдаа баяртай байна. Дуулах бол миний мэргэжлийн нэг хэсэг. Дуу дуулж, клип гаргах санаа гурван жилийн өмнөөс төрсөн юм. Аливаа зүйлийг хийхийн өмнө судалгаа маш чухал. Тиймээс дуу гаргана гэж шийдэхдээ судалгаа хийсэн. Тухайлбал, дууны төрөл, продюсер, студи гээд нэг бүрчлэн судалж байгаад гаргасан. Одоо дуу маань үзэгчдэд хүрээд сар болж байна. Анхны уран бүтээл гэхэд энэ хаврын хит дуунуудын нэгт орсон, үзэлт сайн байгаад урам орсон. Тэгээд дараагийн уран бүтээлээ гаргахаар шийдсэн. Ер нь өөрөө зориод, дуугаа хийх, жижиг хэмжээний мюзикл кино найруулаад өөрөө дүрд нь тоглоод явахад ажил их байдаг юм билээ. Гэхдээ өөрийн сонирхлын дагуу бүх зүйлээ өөрөө хийж, жаргал зовлонг мэдэрнэ гэдэг сайхан. Ажлаасаа эрч хүч авдаг даа.

-Найруулагчаар сурч байгаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм билээ. Энэ мэргэжлийн юу нь таныг ихэд татав?

-Арван жилээ төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, түүх, нийгмийн хичээлдээ өндөр оноо авсан. Тэгээд СУИС-д шалгалт өгье гэж зоригл ос он. Дээр хэлсэнчлэн, багаасаа дуулах, рекламанд тоглох сонирхолтой байсан болохоор орохоор зорьсон юм. Тэгсэн харин тэнцсэн хариу ирээд, Д.Золбаяр багштай найруулагчийн ангид хоёр жил сураад, найруулагч бол дараагийн зүйл байна. Эхлээд жүжигчин байх ёстой юм гэдгийг ойлгоод, жүжигчний ангид дахин шалгалт өгсөн. Олон зүйлд сурч, юмсыг таних боломж олгодгоороо жүжигчин мэргэжил хамгийн сайхан. Мөн анх найруулагчаар сурсан минь их оносон шийдвэр байсан. 

Энэ нь надад харин ч бусад уран бүтээлчдээс илүү давуу тал бий болгож өгсөн юм болов уу гэж боддог. Өмнө нь би мөн богино хэмжээний кино хийж байсан бөгөөд тэр уран бүтээл маань кино наадамд оролцож амжилт гаргасан. Тэгэхээр хүний сурсан мэдсэн бүхэн хэзээ хойно хэрэг болж, зарим үед давуу тал болох нь бий.-Богино хэмжээний кино найруулсан гэлээ. Залуу уран бүтээлчийн хувьд нийгэмд ийм л сэдэв дутаад байна гэсэн санаа бодол бий болов уу?

-Сэдэв бол зохиолчийн ажил. Би бол гүйцэтгэгч гэж явна. Өөрөөр хэлбэл, зохиолч, найруулагчийн хэлэх гэсэн санааг дамжуулах үүрэгтэй гэсэн үг. Тухайн авсан дүрээр дамжуулаад ямар санаа хэлэх гээд байгаа дээр илүү т улж ажилладаг. Мэдээж уран бүтээлч хүний хувьд боддог, санадаг зүйл бий. Гэсэн ч түүнээс илүү уншиж судлах, мэдэх зүйл их болохоор эхлээд өөрийгөө сайн боловсруулах нь чухал гэж боддог. Харин хэцүү цаг үед, бараан нийгэмд нэмээд хүнд санааг илэрхийлсэн уран бүтээл хийх нь зохисгүй байх. Эсрэгээрээ инээд хөөр, урам зориг өгсөн уран бүтээл гаргах нь урлагийн хүний нэг үүрэг байх. Энэ ч утгаар би хүмүүст бага ч гэсэн баяр баясал өгөх гэж дуугаа гаргасан.

-Тоглосон уран бүтээлүүдээс тань хамгийн их чадвар шаардсан нь аль кино бол?

-Бүх л оролцсон уран бүтээл чадвар, мэдрэмж, энерги шаардана. Чадвар гэхээсээ илүү их зүйлийг сурч авсан гэвэл Ub film студийн уран бүтээл Шүүдэр дундуур кино. Энэ кинонд би тоглохдоо олон мундаг ахмад үеийн уран бүтээлчтэй хамтарч, тэднээс суралцаж, үг сургаалиас нь сонссон. Анх драмын театр дээр О.Отгонбат найруулагч киноны сонгон шалгаруулалт авч байна гэдгийг сонсоод очсон. Гурван үе шаттайгаар сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Ерөнхийдөө нэлээд чанга авсан. Тухайн үед гуравдугаар курсээ төгсөж байсан. Тэгээд ер нь энэ киноноос их зүйл сурсан. Ахмад үеийн гавьяат мундаг хүмүүстэй хамт тоглосон болохоор их зүйлийг сурсан. Мөн жүжигчин болох суурийг тавьсан кино гэж боддог.

-Жүжигчнээр төгссөн залуус УДЭТ-т орох хүсэлтэй байсан. Таны хувьд?

-СУИС-ийн театрын урлагийн ангийг жүжигчид төгсдөг болохоор теарт бол бидний суурь зүйл мөн. Оюутан байхдаа театрт л жүжгээ тавьдаг. Театрын бүх л уран бүтээлүүдэд оролцоно. Мэдээж тайз бол сайхан зүйл.

 Жүжигчин хүн бүр л театрыг мөрөөддөг. Гэхдээ тухайн жүжигчний онцлог гэж бий. Түүндээ тохирсон төрлөө сонгох ёстой. Миний хувьд дэлгэцийн уран бүтээлд сонирхолтой болохоор энэ талаа барин ажилладаг.

-Хавар хөл хориогоор Карентин 14 шоу нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан. Энэ шоунд хүмүүс их шүүмжлэлтэй хандсан. Багт нь байсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Энэ бол манай уран бүтээлчид О.Отгонбат багш болон Х-түц продакшны жүжигчин Н.Онон, Соёлын яам хамтран нийгмийн хариуцлагын болон урлагийн хүмүүсийн үүрэг хариуцлагын хүрээнд хамтран ажилласан. Энэ үед нийгэм их хэцүү байсан, инээд баяр баясал дутагдаж байсан. Бүгд л орлогогүй таг гэртээ. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Энэ үед бид нийгэмд гэгээ нэмье, хүмүүст инээд бэлэглэе гээд уран бүтээлчид нэгдэж орсон. Үүн дээр сэтгэгдэл маш өндөр байна. 

Бид их өндөр хариуцлагатайгаар үүнийгээ давж гарсан. Тэнд маш олон хүний хүч оролцоо их бий. Миний хувьд бол гүйцэтгэгч, хөтлөгч гэж явсан. Тэр нэвтрүүлэг амьдралын бас нэгэн дурсамжуудын нэг болж үлдсэн.

-Таныг үзэгчид тоглосон дүрээр тань мэднэ. Тэгвэл Батмаа гэж хувь хүн ямар зарчимтай хүн бэ?

-Би хэдэн зарчим баримталдаг. Аливаад тууштай, үнэнч, хэлсэн ярьсандаа байхыг хүсдэг. Мөн чадахгүй мэдэхгүй зүйлээ ам бардам ярих дургүй. Дуртай, дургүй зүйлээ мэддэг. Баярлаж, гомдохоо мэддэг. Ер нь өөрийгөө сайн мэддэг, өөртөө үнэнч хүн. Мөн өөрийн зүгээс зөв байх сан гэж хичээдэг. Тухайлбал, цахим орчинд сөрөг зүйл бичихгүй, уурлаж бухимдсанаа гаргахгүй байхыг боддог. Харин өөрийн гоо сайхны хувьд дээр хэлсэнчлэн өөртөө үнэнч хандахыг эрмэлздэг. Юу ч болсон байсан нүүрээ цэвэрлээд унтана гэдэг ч юм уу өөртөө хандаж байгаа байдлаа зөв байлгахыг хүсдэг.

-Дүрийн мөрөөдөл олон байгаа байх?

-Мэдээж жүжигчин хүн бүрт мөрөөддөг дүр бий. Гэхдээ одоогоор тийм дүрд тоглоно гэхээс илүү оногдсон дүрээ сайн гаргаж, ажиллахыг зорьдог.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

error: Content is protected !!