С.Болд-Эрдэнэ: Сэтгэл зүй, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглоход үргэлж бэлэн байх ёстой


Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын БолдЭрдэнэтэй ярилцлаа.

-Та CУИС төгсөөд л Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болж байв уу. Одоо хэд дэх жилдээ театрын жүжигчнээр ажиллаж байна вэ?

-1995-1999 онд СУИС-д сурсан. Сургуулиа төгсөөд 2000 оноос өнөөг хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байна.1999 онд сургуулиа төгсөөд анх УДЭТ-ын Ч.Түвшин найруулагч Уильям Шекспирийн Зуны шөнийн зүүд хэмээх алдартай жүжгийг тайзнаа тавьж байлаа. Тэрхүү жүжигт тоглож байсан. Гар урчууд гээд хэсэг нөхдүүд будлиад яваад байдаг. Тэдний нэг дүрд тоглосон. Уг жүжигт манай төгсөлтийнхнөөс Эби, Ялалт, Батболд зэрэг олон хүн тоглосон. Ер нь залуу бүрэлдэхүүнтэй жүжиг байсан. Манай ахмад жүжигчдээс Ардын жүжигчин П.Цэрэндагва ах байсан. Их сонирхолтой шийдэлтэй жүжиг болсон. Энэ бол сургуулиа төгсөөд тоглосон хамгийн анхны жүжиг.

Тэрнээс хойш 20 гаруй жил театрынхаа тайзан дээр үе үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ бүхий л уран бүтээлүүдэд оролцож тоглоод явж байна. Урлагт ажилласан энэ хөдөлмөрийг маань төр үнэлж гавьяат хэмээх эрхэм цол олголоо. Үүнийгээ дагаад давхар хариуцлага ирдэг юм байна. Цаашдаа уран бүтээлдээ илүү их анхаарах ёстой гэж бодож байна.

-Өнгөрсөн хугацаанд тоглосон уран бүтээлээ тоолж байв уу?

-Драмын театрын болон гэрээт уран бүтээлүүд гээд нийтдээ 70 гаруй жүжигт гол болон туслах дүрүүдэд тоглосон болов уу. 30 орчим кино уран бүтээлд тоглосон байгаа. Мөн манай Драмын дөрөв гэж хүмүүс ярьдаг ш дээ. Бид, хоёр ч цомог гаргаж байсан. Ер нь дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байхдаа юм юм л туршиж үзээд завгүй явсан. Үүний нэг нь хамтлаг болж дуулсан явдал. Орцны гэж яригддаг хөнгөн хэлбэрийн өнгө аястай хайрын тухай дуунуудыг нэгтгэж Хайрын дурсамж, Бүсгүй чамд гэсэн хоёр цомог гаргасан. Хоёр удаа UB Place-д тоглолт хийсэн гэж байгаа(инээв).

-Ер нь хамтдаа дуулах санаа яаж төрсөн юм бэ. Одоо драмын дөрөв дахин дуулах талаар ярьж байгаа болов уу?

-Дуулж барья гэж бодохгүй байна. Хийх, туурвих уран бүтээлүүд ч их байна. Бүгд үндсэн ажилдаа анхаараад завгүй л явна. Анх Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс Жүжигчид дуулж байна уралдаан зарласан юм. 2004 оны үед байх. Тэр үед бид дөрөв нийлээд Коммунист нэртэй улс төрийн холбогдолтой дуунуудаас бүрдсэн попури дуулаад уралдаанд түрүүлж байсан. Тэгээд ер нь жаахан дуулаад үзье, жүжигчид юм чинь өөрсдийгөө давхар хөгжүүлье гээд дуулаад цомог хүртэл гаргасан байдаг юм. Хамтлагийн санаа ингэж л төрж байлаа шүү дээ.

-Таны бүтээсэн, амилуулсан дүр бүр л үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэгээрээ хэр уран бүтээлч вэ гэдгийг тамгалах байх. Харин таны хувьд тэр олон дүрээсээ алийг нь илүү хайрладаг вэ?

-Жүжигчин хүн аливаа уран бүтээлд муу тоглоё гэж бодохгүй шүү дээ. Аль болох сайн тоглох юмсан, дүрээ зөв, сонирхолтой өнцгөөс гаргахын тулд л хичээдэг. Харин дүр таарсан таараагүй, өөрөө ажилласан ажиллаагүй яриа байж болно. Мэдээж жүжигчин хүн дүр бүртээ л хайртай. Яахав, арай илүү гэж онцолбол би Гамлетын дүрээ хэлнэ. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил гэгддэг гурван жүжгийн нэг Гамлет жүжгийн Гамлетын дүрд тоглоно гэдэг бол чухал хувь заяа.

-Мөн ноён оргил Гёте жүжгийн Фаустын дүрийг ч үзэгчид танаар л төсөөлдөг гэхэд бараг хэтийдэхгүй болов уу?

-Дэлхийн жүжгийн Гамлет, Фауст, Дон Кихот гээд гурван ноён оргил байна. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. Фауст бол далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж, түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цааших амьдралыг үзээгүй тийм л хүн. Гэхдээ ганцхан шинжлэх ухаанаар эрдэм мэдлэгийн оройд гарсан ч аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй, өөрөөр хэлбэл, хүний хайр гэдгийг үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн байсан ч гэдэг юм уу тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үеийн үед эрж хайсан асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж л байна.

-Сонгодог болон дэлгэцийн ч уран бүтээлд тоглохын тулд маш их судалгаа хийдэг байх. Ялангуяа сонгодог жүжигт ажиллахдаа дүрээ гаргахын тулд хэрхэн ажилладаг вэ?

-Аливаа уран бүтээлд тоглоно гэдэг тухайн жүжигчин нэг шат ахиж суралцана л гэсэн үг. Тэр тусмаа сонгодог уран бүтээлийн дүр дээр ажиллана гэдэг сургууль төгссөн дайны хэмжээнд хүн хөгждөг. Сонгодог уран бүтээлийг тавихын тулд судалгаанууд хийгдэнэ. Зохиолчийн үзэл санааг судлах хэрэгтэй болно. Тухайн зохиолчийн амьдарч байсан цаг үеийн онцлогийг судална. Дүрийн дотоод зөрчил, мөн чанарыг судална. Ер нь жүжигчний урлаг гэдэг өөрөө хүн судлал. Хүний дотоод зөрчлийг зөв олж илрүүлэх, гадаад дүр төрхийг дотроо төсөөлөх зэрэг олон судалгаа хийгдэнэ. Сонгодог жүжиг гэдэг бол тухайн дүрийг маш сонирхолтойгоор баялаг далай мэт дүрсэлж тавьсан байгаа. Тэрийг уран бүтээлч хүн өөр өөрийн өнцгөөс хардаг. Сонгодог зохиол гэдэг өөрөө он удаан жилийн туршид өгөөжтэй. Үе үеийн уран бүтээлчид шандасаа сорьсон өөр өөр өнцгөөс харж туурвидаг. Тэр бүхнийг уран бүтээлчид судалж үзэх хэрэгтэй. Түүнийхээ хэрээр уран бүтээлчдэд өгөөжөө өгдөг.

Дүрийнхээ дотоод зөрчлүүдийг судалж гаргана, ажиллана. Тухайн зохиолчтой холбогдолтой зохиолуудыг уншиж судална. Ингээд ирэхээр хүн хөгжихөөс аргагүй болно л доо.Хамгийн гол зүйл бол дүрээ графиклаж гаргах. Жүжгийн оргил хэсэг нь хаана байна, аль хэсэгт унаж байна, дүрийн зорилго нь аль юм, хүнтэй харьцахдаа хүртэл үгийн далд утга нь юу юм гээд бодож ажиллана. Хэдийгээр Би чамд хайртай гэж хэлж байгаа боловч үүний цаана хайрлаагүй байж болно. Энэ болгоныг уран бүтээлчид илрүүлж гаргадаг. Тиймээс энэ олон судалгааг нарийн хийдэг учраас уран бүтээлчид гарцаагүй хөгжиж байдаг. Сонгодог бүтээл маш нарийн мэдрэмж шаарддаг учраас энэ хэрээрээ өгөөжөө өгдөг. Сонгодог бүтээлд ажиллана гэдэг хөгжихийн үндэс.

-Сонгодог жүжиг бэлтгэл их байх тусам дүрийн ажиллагаа улам чамбайрна биз?

-Эхлээд найруулагчийн толгойд хэдий хугацаанд явахав, үйл ажиллагаандаа ороод жүжигчид ажиллаад эхлэхээр дор хаяж 2-3 сар бэлтгэл хийж ажилладаг. Судалгаанууд хийгдэнэ. Хоорондоо мэдээллээ солилцоно. Нэг гар дор зангидагдана. Энэ шугамыг барьж, энэ зөрчлийг барьж, энэ үзэл санааг барьж жүжгийг гаргана гэдгээ ойлголцоно. Зохиол уншигдана, дүр хуваарилагдана, ширээний уншлагууд хийгдэнэ. Уншлага эхлээд нэгдсэн журмаар явна. Дараа нь дүр дүрээ уншина. Үүний дараа засварууд хийгдэнэ. Ингээд ширээний уншлага хэсэг явсны дараа хөдөлж эхлэнэ. Дүрийн зорилго, зан ааш, зөрчлийг илрүүлж бий болгоод босч уншлага хийж эхэлнэ. Дараа нь тайзны сургуулилтууд хийгдэнэ. Жүжгийн хувцсаа тааруулна, тайзны гэрлээ тааруулна гээд маш олон процессын дараа хөгжим орж ирнэ, тайзны шийдлүүд орж ирнэ. Тайзтайгаа харьцаж сурна. Уран сайхны зөвлөлд шалгуулаад хасах хэсгээ хасна. Шүүмжүүдээ аваад янзлаад дахиад дотоод хяналт, дараа нь гадаад хяналтаар орж байж тоглолт хийгддэг. Энэ урт процессыг давж байж жүжиг үзэгчдэд хүрнэ шүү дээ. Асар олон хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шингэдэг. Жүжгийн бэлтгэлийн их хийх тусам л сайжирна. Жүжиг нээлтэд их ач холбогдол өгдөг. Нээлтэд бүх хүчээ гаргаж, дээд цэгтээ хүртэл ажиллаж асар өндөр мэдрэмжээ гаргадаг. Бэлтгэл хэр сайн хийгдэнэ, тэр чинээгээр тоглолт гоё болдог. Түүнчлэн тоглолт бүрийн явцад дахиад дүр дээрээ ажиллаад сайжруулаад явна.

-Нэг дүрээс дараагийн дүрд шилжихдээ оюун санаа, сэтгэлзүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?

-Жүжигчин хүн элдсэн гурил шиг байх ёстой гэдэг. Тэр гурилаар юу ч хийж болно. Балетчин, барилгачин гээд хэнийг ч хийж болно. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Жүжигчин хүн форумтай байх хэрэгтэй. Ялангуяа сонгодог жүжигт алхаа гишгээ, үг яриа, харц, бие хаа бэлэн байх ёстой. Дүрийн судалгаагаа хийхээс гадна, биеэ бэлэн байлгах нь хамгийн чухал. Сэтгэл санаа тайван байх, гэмтэж бэртэхгүй байх, эрүүл саруул байх. Санамсаргүй байдлаар халтирч унаж ч болохгүй. Дуу хоолойгоо хэвийн хэмжээнд байлгахын тулд нойр бүтэн, ядраагүй, хоол ундаа зохицуулах, таргалахгүй байх гээд бүхий л талаараа бэлэн байх ёстой. Жүжигчин хүн сайхан элдүүр нь ханасан гурил шиг л байнгын бэлэн байдалд байх ёстой гэж боддог.

-Таныг найруулагчид Болд-Эрдэнэ шинэ уран бүтээл дээр ажиллахдаа цагаан цаас шиг байдаг. Тэр цагаан цаасан дээр юу ч бичихэд бэлэн гэж ярьдаг юм билээ. Бэлэн байдлаас гадна таны төрмөл авьяастай холбоотой байх. Ер нь цагаан цаас шиг болохын тулд та бэлтгэлээс гадна их уншиж судалдаг санагддаг?

-Уншдаг хүмүүсийн хажууд бага уншина. Тодорхой хэмжээнд ном зохиол уншдаг. Ялангуяа уран зохиолын ном унших их дуртай. Ер нь ямар ч жүжиг, ямар ч дүр ирж болзошгүй учраас аль ч талаараа бэлтгэлтэй байх ёстой л гэж боддог. Энэ чинь миний ажил. Тиймээс дуртай байх хэрэгтэй. Дуртай байна гэдэг чинь аз жаргалыг өгч чадна. Сэтгэл санаа, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй.

Найруулагчтай хамтарч ажиллахад бэлэн. Найруулагч биднийг урдаас харж байгаа учраас бидний толь болж зөвлөгөөгөө өгнө, бид дотроо боловсруулна. Үүнийгэээ гаргана, харилцан тохирлцоно, ярилцана. Жүжигчин хүн ч гэсэн тактиктай байна. Дотроо тактикаа боловсруулна. Дүрийнхээ оргил цэгийг олно. Энэ дээр хүчтэй тэсрэлт, энэ дээр зөөлөн явна гэдгээ бэлтгэлийн үеэр найруулагчдаа харуулна гээд ажиллах бодох зүйл их л дээ.

-Хоёр амь, Солонго үүл, Орхидос зэрэг таны тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс ч хараад байхад найруулагчид танд яриа багатай харцаараа, биеийн хэлэмжээрээ үзэгчидтэй харьцах дүрийг өгдөг юм шиг?

-Жүжигчид тоглох юмтай дүр гэж ярьдаг л даа. Тоглох юмтай байна гэдэг чинь зохиол сайн бичигдсэн гэсэн үг. Тоглолт багатай цагаан дүрүүд байдаг. Юу тоглох нь мэдэгдэхгүй хэцүү. Аятайхан зохиолтой дүрүүдэд тоглохыг бодож сонголтоо хийдэг. Дүр их гоё бичигдсэн. Дээр нь би энэ хэсэгт ингэж тогловол яахав гэж санаагаа илэрхийлэх, найруулагчидтайгаа ярилцах хэмжээний задлах юмтай, сонирхолтой, ажиллахад урамтай дүрийг бодолцож л сонголтоо хийдэг дээ.

-Аль хэдийнэ үзэгчдэд хүрчихсэн хэрнээ таны оюун бодлоос гардаггүй дүр гэж байх уу?

-Байна. Жишээлбэл, Гамлетын дүрд тоглосон нэг алдартай жүжигчин 60 нас хүрээд хэлсэн байдаг. Одоо л Гамлетад нэг тогловол болох юм шиг байна даа гэж. Гамлетад маш олон уран бүтээлчид янз бүрээр тоглож илэрхийлэхийг зорьсон байдаг.Гамлет жүжиг бол их том эрдэнэсийн сан байхгүй юу.Ялангуяа Гамлетын дүрийг яаж ч илэрхийлж болох, ямар ч байдлаар тоглож болно. Энэ дүрд олон уран бүтээлч тоглож мандаж, олон уран бүтээлч унаж байсан. Тэгж байж өөрсдийгөө хөгжүүлдэг дүр. Тэгэхээр дээрх жүжигчин ч гэсэн маш удаан хугацаанд бодож боловсруулж туршлагатай болсныхоо дараа дахиад өөрөөр харж байна. Гамлетыг дахиад өөр янзаар хийж болох, өөр өнцгөөс илэрхийлж болох шижир алт лугаа дүр. Фаустын дүр ч мөн адилхан. Сонгодог гэдэг нь үүндээ л байгаа юм. Энэ утгаараа жаахан ингэх байж, тэгэх байж гэж бодогдож л явдаг. Сэтгэлгээний хувьд онцлогтой учраас энэ талаар бодно л доо.

-Тэгэхээр Гамлет жүжгийг өөр найруулагч өөр өнцгөөс тавихаар болбол таны хувьд дахин Гамлетад тоглоход бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Болох л байх. Хэн ч ямар ч уран бүтээл хийхэд чөлөөтэй шүү дээ. Тиймээс магадгүй хэн нэгэн найруулагч таны хэлдгээр хүсэлт тавибал тоглох байх л даа. Тэр бол найруулагчийн л сонголт.

ӨДРИЙН СОНИН

error: Content is protected !!