Б.Мөнхбаясгалан: Баярлалаа, Ерөнхийлөгчөө

Хоёрхон хоногийн дараа Монголын төрийн тэргүүний суудлаа хүлээлгэн өгөх Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Улстөрчдийн зургадугаар сарын рейтинг судалгааг харвал тэр хамгийн өндөр рейтингтэй улстөрч хэвээр байсаар Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байна.

Энэ бол сүүлийн 30 жил үзэгдээгүй үзэгдэл юм… сэтгүүлч миний бие энэ гучин жилийн 24 жилд нь Монголын сэтгүүл зүйд ажиллажээ. Сүүлийн 10 гаруй жил Х.Баттулга гэдэг улстөрчийн үзэл санааг талархан дэмжсээр, нэг шугамаар нэг зорилгын төлөө хамт алхсаар өнөөдрийг хүрэв. Эгэл жирийн ажилчин аав ээжийн охин, хотын захын хороололд өсч өндийсөн, сэтгүүлч болох конкурсэд уначихаад ээжийгээ даган Мах комбинатад цэвэрлэгчээр ажиллаж явсан би сэтгүүлч мэргэжил эзэмшчихээд Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчид шадарлаж, эх орноо хөгжүүлэх томоохон мега төслүүдийн төлөө сэтгэлээ хамт чилээж, ард түмэнд үнэнийг мэдүүлэх гэж зүтгэсэн минь ёстой л хувь тавилан байсан юм. Тиймээ энэ бол гайхамшиг байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санааг товчхон томьёолбол Үндэсний үзэлд суурилсан аж үйлдвэржих болдлого байлаа.

Монгол улс яавал том гүрнүүдтэй мөр зэрэгцэн толгой гэдгэр явах вэ… Эцэг өвгөдийн бүлээн цус, бүтэн амиар олж өгсөн газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үеэс үед, ургаас урагт хэрхэн өвлүүлэх вэ… Энэ бодлогын хариуг тэр тодорхойлж чадсан юм. Монголчууд өөрсдийн гараар бүтээн байгуулж, өөрийн гэсэн аж үйлдвэрүүдтэй болж чадвал гурван саяулаа хэнээс ч гуйхгүй амьдарч, дэлхийн энэтэй хөгжиж чадна гэж зүтгэсэн билээ. Өдрөөс өдөрт алдууран буй эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээж, үндэсний үйлдвэрлэгч нараа өндийж босоход дэмнэж, монгол хүн орлоготой болж , монгол хүн бүтээж босгож чаддаг болговол даяаршин буй 21 р зуунд эрх чөлөө тусгаар тогтнолоо авч үлдэн дангааршиж чадна гэж Халтмаагийн Баттулга сэтгэсэн, зүтгэсэн. Арван хэдэн жилийн тэртээ л анх танилцахад ингэж л ярьж, сэтгэж, зүтгэж байсан тэр л итгэл үнэмшилтэйгээ УИX- ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад одоо ч тэр үзэл бодолтойгоо төрийн тэргүүний өндөр сэнтийгээс бууж байна.

Тэр үндэсний үзэл, өв соёлдоо үнэнч байж босоо монгол бичгээ тунхаглаж, Ноён уулаа төрийн тахилгатай болгож, Гэсэр Жангарын туульсаа цагаан сар болгоноор хайлуулах зарлиг буулгасан юм. Тэр л Монголын говийг эзэнтэй үлдээх гэж цөлжилтөөс аврахын төлөө үндэсний хэмжээний болдлого боловсруулан үлдээж байна. Тэр л газрын хэвлий дэх баялгаа Хятадын ченж компаниудад хямдхан үнээр гуйн байж борлуулдаг эдийн засгийн дарангуйллаас гарахын тулд төмөр замаа барьж дуусгалаа.

Одоо Монголын баялаг дэлхийн зах зээлд дэлхийн үнээр хүрэх боломж нээгдлээ. 12 жилийн тэртээ Цэргүүдийг цалинтай болгоно гэж хэлээд адлуулж байсан бол өнөөдөр Монголын зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын талбарт 2 сая төгрөгөөр цалинжиж, мэргэжил эзэмшиж бүрэн техникжиж чадлаа. Тэр АНУ, ОХУ -тай иж бүрэн стратегийн түншлэлд хүрч, БНЭУ -тай тусгаар тогтнолоо дахин баталгаажуулж, БНХАУ- тай найрсаг түншлэлээ улам бататгав. Тэр л Трампийг Та Путин рүү нэг яриач. Дэлхийн уушги шатаж байна шүү дээ гэж хэлж чадав. Тэр л цар тахалд туйлширсан дэлхийг алмайруулан байж БНХАУ- д айлчлан 30 мянган хонь бэлэглэснээр дэлхийн дипломат харилцаанд sheep diplomacy хэмээх нэршил бий болгов. Түүнийг анх Ерөнхийлөгч болоход Хятадын эсрэг үзэлтэй хүн ерөнхийлөгч боллоо. Одоо бараг хятадтай байлдах байх гэцгээж байхад Х.Баттулга л БНХАУ -ын дарга Ши Жиньпинээр Дуслын төдий ачлал үзүүлвээс дундрашгүй булаг мэт хариу барьюу хэмээн хэлүүлж чадав. Тэр л Монголын олгирахуудын oффшор бүсэд нуусан хөрөнгийг илчлэхийн төлөө бүтэн 4 жил уйгагүй ажиллаж 4 тэрбум долларыг Монгол улсад оруулж ирсэн бөгөөд Сү.Батболдыг илчилж одоогоор дэлхийн 6 улсын шүүx дээр мөpдөн ажилллагаа эд явагдаж байна.

Тэр л ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэв. Тэр л Тавантолгойг, Салхитын ордоос ард түмэндээ хувь хүртээн авч үлдэв… тэр л…тэр л…Цааш нь бичих олон зүйл бий. Гэвч энэ бичвэрээ дуусгах ёстой. Өчүүхэн би вээр түүнээс эрх мэдэл, албан тушаал, одон медаль хүртсэнгүй. Харин түүнээс үндэсний үзэлд суурилж эх орноо хөгжүүлэх зөв чиг хандлагыг олж харсан юм. Зөв чиг хандлага гэдэг хамгийн эрхэм зүйл. Тиймээ, би Халтмаагийн Баттулгаас зөв чиг хандлагыг олж авсан юм. Энэ бол миний амьдралдаа олсон хамгийн чухал зүйл… өөр бас нэг эрхэм чанарыг олж харав. Энэ олон жилийн бартаанд олон нөхөд нь ноход болон нүүр буруулж, өглөө оройгүй хажууд нь зүүгдчихээд өөд уруугүй долоож явсан гөлөгнүүд эргэн ноцоход огтоос ч тоохгүй уулсын оройг харсан чигтээ өвдөг сөхрөлгүй чив чимээгүйхэн явж одохыг олонтаа харав. Хүмүүс албан тушаал нэхэж хэрхэн боргож хуцахыг, манайхны топ улстөрч гэгдэх нөхдүүд өчүүхэн юм нэхэн yйлж yлцайхыг ч үзэв. Салхи шуурга сүртэй, хүчтэй ч уулсыг оройг бөхийлгөж чаддаггүй гэдгийг түүний туулсан амьдрал, цаашид ч туулах замнал тодоос тод харуулдаг юм. Он жил урсан өнгөрч олон ч саад бэрхшээлийг тэр давав. Цаашид ч давж таарна. Түүнтэй хамт олон ч бэрхшээлийг давав. Уруудав. Өгсөв. Ялагдав. Ялав…яамай тэр нь одоо сонин биш. Зөвхөн эх орноо хөгжүүлж энэ улсаа дангааршуулан авч үлдэе гэвэл бидэнд өв соёлоо дээдэлсэн үндэсний үзэл, бүтээлч хөдөлмөрч зан чанар , түүнийг хөхиүлэн дэмжих төрийн бодлого хэрэгтэй… Энэ бодлогын төлөө, энэ үзэл санааны төлөө зуун зуун жилээр өртөөлөн зүтгэсэн өвгөдийн удам шүү дээ бид. Энэ л бодлогын ялалтын төлөө Халтмаагийн Баттулга зүтгэсэн. Түүний энэ зүтгэл тэмцэл төгсөөгүй… үргэлжилж байна.

Харин хоёрхон хоногийн дараа Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн тамгыг дараагийн Ерөнхийлөгчийн гарт хүлээлгэж өгөөд алтан соёмбот тугнаасаа адис аваад төрийн ордноос гарах гэж байна. Хийсэн бүтээсэнд чинь, үндэсний үзлийг Монголын төрд, ард түмэндээ тунхаглаж, өв соёл, уламжлалаа дээдлэн хайрласан эгэл даруухан Ерөнхийлөгч байсан Халтмаагийн Баттулга танд баярлалаа…

Энэ өдрүүдэд Монголын ард түмэн танд талархан таныг хүндэтгэн үдэж байна, Баяртай Ерөнхийлөгчөө.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 2021.6.23

error: Content is protected !!