ЭMГЭHЭЛ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Хөгжмийн зохиолч Нанзадын Чулуунхүү 

Нанзад овогтой Чулуунхүү нь 1946 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Бага бэрхийн ар Худгийн ам хэмээх газар төрсөн. Бага дунд сургууль төгсөн, Ардын армийн 065-р ангид цэргийн алба хааж, ротын даргаар ажиллаж байгаад 1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ар тал тээврийн академид суралцан төгсжээ.

Н.Чулуунхүү Ардын армийн анги, нэгтгэлд ар талын даргын орлогч, төлөвлөлтийн тасгийн дарга, бригадын захирагчийн ар талын орлогч, Монгол цэргийн музейн захирал зэрэг албыг 30 гаруй жил гүйцэтгэж, байлдагчаас хурандаа цол хүртлээ цэргийн албанд зүтгэсэн юм. Тэрбээр армид алба хаахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж, урын сангаа баяжуулан ардын болон нийтийн дууны мастер, Монголын ард түмний сонсох дуртай дуучин, хөгжмийн зохиолч болтлоо хөгжсөн уран бүтээлч юм.

 Тэрбээр Монголын Радиогийн алтан фондод дуулсан дуунуудаа хадгалуулж, зохиосон 800 гаруй дуунуудыг төрөлжүүлэн Зуу наслаарай ээжээ, Уяач хун уяан дээрээ жаргалтай, Цэрэг эрсдээ зориулсан миний дуу, Амин хайртай Монгол минь, Намайг аргадсан ардын дуунууд зэрэг цомог хэвлүүлсэн нь уран бүтээлээ сэдэвчлэн төрөлжүүлж нийтэд хүргэсэн анхны уран бүтээлч байв.Хөгжмийн зохиолчийн хувьд оны шилдэг нийтийн дуу шалгаруулах Морин хуур уралдаанаас Настан буурал эмээ, Хүмүүс минь амьдрах сайхан дуугаар дэд байр, Ижий гөрөөс дуугаар Гран-при шагнал хүртсэн нь Монголын дууны урлагийн нэрт мастер байсны тод илрэл юм.Н.Чулуунхүүгийн нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртээж, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны нэрэмжит шагналаар тус тус шагнасан байна.

Монголын ард түмний дуулах, сонсох дуртай олон сайхан дуу бүтээж, ардын дууг дуулах арга ухааныг хойч үедээ өвлүүлэн, үлгэр дуурайлал болсон түүний үргэлжид бүтээж туурвих оргилуун сэтгэлээр дүүрэн хөдөлмөрч, дайчин, нөхөрсөг зан чанар нь Монголын ард түмэн, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамт олон, анд нөхөд бидний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дурсагдах болно.

ЗАВХАН АЙМГИЙН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ЦЭЦЭН-УУЛ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ

error: Content is protected !!