Олимпыг зорих 3х3 эмэгтэй шигшээ багийн шалгаруулалт мapгаан дэгдээв – Баянхонгор аймгийн Засаг даргын хүүхдийг, сайд хүний охиныг оронд нь олимпод оролцуулахаар болчихлоо

Токио-2020 зуны олимпын наадам эхлэхэд дөрвөн хоногийн хугацаа үлдээд байгаа. Монгол Улсыг төлөөлж, ээлжит зуны олимпын наадамд оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гавьяат дасгалжуулагч С.Тулгаар ахлуулсан эмэгтэй шигшээ баг Япон Улсын Токио хотод очсон.

Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан юм. Тэгвэл өнөөдөр олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж, олимпын наадамд оролцох дөрвөн тамирчны нэр тодорчээ. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болжээ. Харин ОУХМ Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан байна.  

Токио-2020 олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тоглолтууд энэ сарын 24-нд эхэлнэ. Монгол Улсын шигшээ багийн тамирчид эхний тоглолтоо долдугаар сарын 24-нд Монголын цагаар 16:30 цагт хийнэ. 

Дархан-Уул аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав үүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр Токиогийн олимпод Дархан-Уул аймгаас дөрвөн тамирчин оролцож байгаа. 3х3 төрлийн Ганзул, Болор-Эрдэнэ хоёр манай аймгийнх. Хоёулаа сагсан бөмбөгийн спортоор 15 гаруй жил хичээллэж байгаа туршлагатай тамирчид. Монголд 3х3 төрөл хөгжиж эхэлснээс хойш хичээллэж, анхны бүхий л амжилтыг гаргасан шилдгүүд. Гэтэл ийм туршлагатай, ур чадвар сайтай тамирчдаа хассанд гайхаж байна. Энэ асуудлаар МҮОХ-ны Ч.Наранбаатар даргатай, Ч.Насантогтох багштай, гавьяат дасгалжуулагч Дамбатай ярилцсан.

Үнэндээ Ганзул, Болор-Эрдэнэ хоёр 5, 6 номерын тамирчид байсан бол ийм юм ярих, бухимдах юм алга. Гэтэл манай хоёр багийнхаа 1, 2 номерын тамирчид.

Тамирчин бүхэн олимпийн наадамд оролцохыг мөрөөддөг. Гэтэл манай аймгийн хоёр тамирчныг хасчихлаа, гадуурхчих шиг боллоо. Баянхонгор аймгийн Засаг даргын хүүхдийг, сайд хүний охиныг оронд нь олимпод оролцуулахаар болчихлоо. Ийм сураг байна. Би энэ асуудлыг ингээд орхихгүй. Маргааш Улаанбаатарт очно, хөөцөлдөнө. Спорт шударга байх ёстой гэлээ.

error: Content is protected !!