С.Батцэцэгийн нөхөр ханийхаа төлөө их спортоо орхиж байжээ

С.Батцэцэг  эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн бөх М.Жуманазарова барилдаж 5.р байранд орлоо.

Түүний сонирхолтой баримт болон инстаграм зургуудаас хүргэе.Гавьяат тамир­чин маань хань М.Бат­баатартайгаа З.Дүвчин багшийн удирдлага дор хамтран бэлтгэл хийх болсноор танилцсан гэдэг. С.Батцэцэгийг эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад ханийнх нь ач тус их. Хоёулаа бэлтгэл гээд явчихаар ар гэрийн ажил орхигдоно.Тиймээс нэг нь ар гэр, амьдралаа, нөгөөх нь спортоо хөөх хариуцлагатай сонголт тэдний өмнө тулж ирж. Тухайн үед хань нь зөв шийдвэр гаргаж, спортоо орхин С.Батцэцэг үргэлжлүүлэн бэлтгэлдээ оржээ. Түүнээс нөхөр тань өөрийг чинь спортоосоо татгалз гэсэн бол яах байсан бэ гэж асуухад Би болихгүй гэх байсан байх. Учир нь багаасаа гэрийн ажилд муу. Одоо ч нөхөр маань гэрийнхээ асуудлыг шийддэг. Аягүй бол өөдөөс нь чи өөрөө боль гэх байсан. Намайг тэгж хэлнэ гэж мэдээд шийдвэрээ гаргасан байх гэв. Залуу хосуудад хааяа маргалдах тохиолдол гардаг ч нөхөр нь ихэвчлэн буулт хийдэг гэсэн.

Тэрээр өөрийгөө нэлээд шударга талдаа гэв. Хэлэх гэснээ хэлчихдэг ч, хүлээцтэй хандах зүйлдээ тэвчээр гаргаж чаддаг гэсэн. Тийм болохоор аваргын хань нь түүнийг байгаагаар нь хайрладаг ажээ. Хосууд чөлөөт цагаараа кино үзэх дуртай гэсэн. Харин гавьяат маань өрөвчхөн сэтгэлтэй учир сэтгэл хөдөлгөсөн кино үзээд уйлчихдаг ажээ. Түүнээс Та хэр шуналтай хүн бэ гэвэл Би шуналгүй байх. Хэрэв шуналтай байсан бол өдийд дансандаа их мөнгөтэй, хурааж хуримтлуулсан зүйл ихтэй байх байлгүй. Би олсон юмаа олонтойгоо хуваагаад л дуусдаг гэлээ.

Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.

С.Батцэцэг төрүүлж өсгөсөн аав, ээжийнхээ ачийг хариулахаар өнгөрсөн намар сумынхаа төв дээр байшин бариулж өгсөн бөгөөд ээж Д.Оюун-Эрдэнэ нь тэндээ ач, зээ нараа харан суудаг ажээ. Тэрээр Охинтойгоо хэд хоночихоод сургууль, цэцэрлэг орохоор нутаг буцна даа. Нутгийн ах дүүст ярих сонин хачин ихтэй л харих юм байна. Охин баатар боллоо, анх удаа сурвалжлагчид ярилцлага өгч үзлээ гээд л…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Монголын ард түмнийг олон удаа баярлуулж, урам зориг өгч, нэгтгэсэн. Цаашдаа ч мөн олон жилийн турш түүний уран барилдаан, хурд хүч эрэмгий байж, ялагдашгүй байх болтугай.

-Сургуульдаа гар бөмбөгийн дугуйланд явж байгаад гэнэт нэг өдөр ирээд ээж би барилдмаар байна гэсэн. Тухайн үедээ эмэгтэй хүүхэд гар бөмбөгөөрөө л хичээллэсэн нь дээр гэж бодож байсан ч С.Батцэцэг өөрөө барилдах дуртай байсан болохоор хорьж чадаагүй. Тэгээд хэсэг бэлтгэл хийж байгаад анх аймгийн төв рүү тэмцээнд орохоор явсан чинь мөнгөн медаль аваад ирсэн.

Анхны тэмцээндээ явах гэж байна гээд л өглөө эрт босоод замдаа идээрэй гээд боорцог хайрч явуулсан юм. Тэгсэн хамт явсан хүүхдүүдэд С.Батцэцэгээс боорцог үнэртээд байна гэж шоолуулж байсан гэдэг. Түүнээс хойш явах бүртээ медальтай ирдэг болсон.

Багадаа хурдны морь унана. Нэг удаа үсэргээн дээр манай нэг дүүгийн хүүхэд морьтойгоо өмнө нь гараад түрүүлээд давхисан чинь С.Батцэцэг Хөөе чи, миний ард гар. Надаас түрүүлбэл хохь чинь шүү гээд орилж байсан гэдэг. Хэнд ч дийлдэхгүй гэсэн хор, шартай. Ер нь миний охинд хөгжилтэй түүх олон бий. Гурав билүү дөрвөн настайдаа юм байна. Хөдөөнийхөн өвөл болоод идэшээ хийж байсан үе. Эрчүүд нь мал төхөөрөөд, эмэгтэйчүүд нь гэдэс дотор арилгаад дор бүртээ завгүй байцгаалаа.

Тэгсэн манай охин хүрч ирснээ Ээж би морио төхөөрөөд идчихлээ гээд хүрээд ирсэн. Юу яриад байгаа хүүхэд вэ гээд харсан чинь толины өмнө байсан шилэн морио алхаар цохиод юу ч үгүй үүрүүлээд тавьчихсан байж билээ. Тэгээд Төхөөрчихсөн л байгаа биз дээ ээж ээ гэж хэлж надад зэмлүүлж байсан. Бас нэг удаа дунд сургуульд бэлтгэл хийж байсан үе л дээ. Бэлтгэлдээ яваад ирлээ гэхээр нь хоол хийгээд өгсөн чинь том аягаар идчихээд дахиад идье гэж байна. Тэгэхээр нь миний охин чинь эмэгтэй хүүхэд байж яасан их иддэг юм бэ гэсэн чинь өөдөөс Ээж та намайг ойлгохгүй юм. Би бэлтгэл хийгээд маш их ядардаг гээд дургүйцэж билээ. Тэрнээс хойш охиндоо аль болох амттай шимттэй, их хоол хийж өгдөг болсон.

error: Content is protected !!