Мисс, жүжигчин А.Баярцэцэг багш болжээ

А.Баярцэцэг боломж хаалга тогшиход уйгайгүй хөдөлмөрлөсөөр өнөөгийн нэр алдраа олж аваад буй билээ. Тэрбээр өөрийн мөрөөдлөө биелүүлж Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох Royal Central School of Speech & Drama-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болоод амжсан билээ.

Дэлхийн мисс тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ.

Тэрбээр Xөxөө, Ээж хадны домог, Хөх тaв.илан зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. Түүний хувьд 2014 онд АНУ-ын Netflix компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын Attrition кинонд ч мөн тоглосон юм. Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас Хөх тавилан уран сайхны киноны гол дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн билээ.

Авьяаслаг бүсгүй угтаа бол ирээдүйн мэргэжлээ Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр эзэмшсэн. Гэсэн хэдий ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй бөгөөд багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд кино урлагт хүч сорьсон нь түүнд өнөөгийн нэр алдрын эзэн болгожээ. Өдгөө эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд нэгэн урлагийн сургуульд багш хийхээр болсон аж.

Одоогийн залуу жүжигчдээс хамгийн өндөр боловсролтой нь юм. Тэр англи, франц, испани хэлтэй. А.Баярцэцэг оюутнууддаа шоу бизнес, зохиолын задаргаа, продюсингийн хичээл заах гэнэ.

error: Content is protected !!