Автомашины километрын заалтыг ухраах нь 3aлилан мөн үү

Автомашины км-н заалтыг дур мэдэн ухраах бол угтаа маш том гэмт хэрэг юм.Ченжүүдийн хувьд хэдэн ч километрын гүйлттэй автомашины заалтыг ухрааж, бага явсан мэт харагдуулна гэдэг туйлаас амархан.

Япон улсаас орж ирж байгаа автомашины хувьд жилд дунджаар 25-30 мянган километр явсан байдаг аж. Харин манай улсад явж байгаа автомашинууд дунджаар 15-20 мянган километр явдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр үйлдвэрлэгдээд 10 жил болоод Монголд орж ирж байгаа автомашины хувьд дунджаар 250-350 мянган километр явж таарах нь. Хэрэв таны худалдаж авах гэж буй автомашины гүйлт үүнээс хэд дахин бага байвал сэрэмжлэхэд илүүдэхгүй л болов уу.

Учир нь, тэдний ард автомашины гүйлтийг хүссэн тоонд нь хүртэл ухраадаг мэргэшсэн залуус ажилладаг байна.

Ингэхдээ OBD холбоосыг ашигладаг гэнэ. Энэ нь автомашины системийг гэмтээхгүйгээр холбогдож ажилладаг юм байна. Энгийнээр тайлбарлабал, тухайн автомашины комьпютерыг салган аваад зөөврийн компьютерт холбон тодорхой программ уншуулан ухраадаг байна. Эл аргаар урагшлуулбал ямар ч оношилгооны газар спидометрт өөрчлөлт орсныг мэдэх боломжгүй аж. Энэ нь ердөө 5-10 минутын ажил төдийгүй 20,000-50,000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Гэтэл энэ мэт километрын гүйлтийн заалтыг ухраасан хуучин автомашиныг бага явсан гэж андууран худалдан авалт хийж хохирсон иргэд цөөнгүй байсаар…

Тиймээс иргэд энэ төрлийн залилангийн хохирогч болохгүйн тулд худалдан авч буй автомашинаа баталгаатай эсэхийг сайтар шалгах нь чухал болж байна.

Хууль тогтоомж, хүлээлгэх хариуцлага

Олон улсад Odometer буюу автомашины гүйлтийн хэмжүүрийг өөрчлөн худалдахыг гэмт хэрэг гэж үзэн хуульчилсан байдаг байна. Тухайлбал, АНУ-д эл хэргийг санаатайгаар үйлдсэн бол 3 жил хүртэл хугацаанд хорих ял оноос эсвэл 50 мянган ам. доллар хүртэлх торгууль төлөхөөр хуульчилжээ. Харин санамсаргүй үйлдсэн тохиолдолд 1 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх эсхүл 1000 ам долларын торгууль төлдөг юм байна.

Харин манайд улсад энэ төрлийн залилангийн хэрэгт авах арга хэмжээг нарийвчилж заагаагүй байдаг бөгөөд Иргэний хуулийн “Худалдах-худалдан авах болон арилжаа” –ны тухай хуулийн 251, 253, 254 дугаар зүйлд ерөнхийд нь тусгагдсан байдаг аж.

Хэрхэн “хулхидуулахгүй” байх вэ – Таны авахыг хүсч байгаа автомашин үнэхээр шинэ эсэх, сольсон эд анги байгаа эсэх зэргийг мэдэхийн тулд Арлын дугаараар шалгах, Аукционы хуудсаар нь шалгах боломжтой байдаг.

Аукционы хуудсаар машины чанараа шалгах – Япон автомашинтай худалдан авахад дагалдан ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг харах боломжтой. Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Автомашины арлын дугаар буюу VIN дугаараар өнөө үеийн бүх автомашинуудын талаар интернетээс хайлт хийж илүү ихийг мэдэж болох юм.

Ийн автомашинаа шалгаж авснаар километрийн заалт урагшлуулах хэрэг гарахгүй, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нэг алхамаар нэмэгдэж, худалдан авагч та өөрөө ч хохирохгүй байх юм.

error: Content is protected !!