Ардын аниа Жижи: Бусад хүн юу гэх бол гэж нэг хором ч бодож үзээгүй

Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Коронавирус дэлхий нийтээр тархаад байгаа энэ цаг үед АНУ-д суугаа монголчуудын хувьд нөхцөл байдал ямархуу байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлэе.

-АНУ-д 12 дугаар сарын сүүлээр вакцин хийгдэхээр болсон. Хамгийн анх 3-р сард дэгдэхэд бүх газрууд хаагдаж, хүмүүс шоконд ороод дэлгүүр хоослох, айж сандрах асуудлууд гарч байсан. Одоо хүмүүс нөхцөл байдалдаа дасаад, арга барилаа олчихсон. Эндхийн туршлагаас авмаар зүйл гэвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай цаг гаргаад өгчихсөн. Миний хувьд угаас гадуур биш гэрээсээ ихэвчлэн ажилладаг байсан болохоор онц ялгаа мэдрэгдэхгүй байгаа. Өвчлөлийн голомтод 8 сар амьдарч байгаа хүний хувьд харин ч энэ үеийг ашиглаад өөртөө олон боломжийг нээсэн. Одоогоор гадаадад суралцах талаар хүүхдүүдэд онлайнаар сургалт явуулж байгаа.

-Ихэнх хүмүүс “Ардын аниа Жижи” гэдэг нэрээр нь андахгүй. Уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.

-Намайг Гансүхийн Ган-Эрдэнэ гэдэг. Орхон аймагт төрж өссөн. “Мон-Турк” сургуулийг төгсөөд, АНУ-ыг зорьж ирсэн. Эхлээд Спокень Вашингтон гэдэг жижиг хотод хэлний бэлтгэлд 1 жил сураад, дараа нь Сайнтлуис хотодбизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Гадаад оюутнууд дөрвөн жил сурсны дараа Америкт үлдэж, нэг жил ажиллах эрхтэй байдгийн дагуу Сиатл хотод нэг жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор үргэлжлүүлэн Сиатлын их сургуульд мастерийн зэргээ хамгаалж байна. Нэг ах, эмэгтэй дүүтэй айлын дунд охин. Одоо дүүгээ АНУ руу татаад, бүх зүйлийг нь хариуцаад явж байгаа. Ах маань гэр бүлийн хамт Сайнтлуис хотод амьдардаг бол аав, ээж хоёр маань харин Монголдоо байдаг.

-Влог, бичлэгнүүдээ хийж эхлээд хэр удаж байгаа вэ. Контентоо анх эхлүүлэхдээ хүмүүст юу гэж бодогдох бол гэдэг айдастай тулгарч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол айдсыг хэзээ ч түрүүлж хардаггүй. Хэн намайг юу гэж бодох бол гэж нэг хором ч бодож үзээгүй. 2018 оны 12-р сарын 31-нд би анх шинэ жилээр влогоо эхэлж байсан. Түүнээс өмнө би янз бүрийн бичлэг хийх дуртай, түүнийгээ эвлүүлээд фейсбүүкдээ оруулчихдаг байсныг ойрын хүмүүс маань мэдэх байх. Тэгэхээр миний хувьд цахим орчинд өөрийгөө ил гаргахад ямар ч айдас байгаагүй. Харин ч бичлэгээ хийгээд сошиал медиад оруулахаараа баярладаг, дахин дахин үздэг.Гол нь би өөрөө өөртөө болон өөрийнхөө хийж байгаа юманд дуртай байх нь л чухал. Хэрвээ шинийг санаачлахаар шийдсэн хүмүүс уншиж байвал “Тэр зүйл чинь танд таалагдаж байвал хангалттай, бусдад яаж харагдах бол гэж битгий зовоорой” гэж хэлмээр байна.

-Сошиал медиа дээр хичнээн дагагчидтай вэ. Youtube- ээс болон контентоосоо ашиг олдог уу?

-Одоогоор байгаа сошиал медиа хаягууд дээрээ тус бүр 100 мянган дагагчтай. Ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хийсэн бичлэгүүдээс жижиг хувь авдаг. Youtube-ээс сардаа бага хэмжээгээр цалинжина. Тик Ток дээр миний 10 видео тутмыг 280 доллараар үнэлдэг. Спонсор байгууллагуудаа ч бас Тик Ток-оос олж авсан. Одоогоор миний хувьд Youtube-ээс гадна хоёр ажил хийдэг. Сургуулийнхаа сошиал медиа талыг нь хариуцахын хажуугаар оюутнуудын холбоонд давхар ажилладаг. Хаана боломж байна, тийшээ л явахыг эрмэлздэг.

-Бичлэгнийхээ санааг хэрхэн олдог вэ. Аль болох олон хүнд хүргэх талаас нь бодож сонгодог уу. Эсвэл өөрт таалагдсан сэдвээр хийдэг үү?

-Бичлэгнүүдээ бүгдийг нь төлөвлөдөг. Угаасаа эхлүүлж байхад намайг шууд олон мянган хүн үзэхгүй. Анх би Youtube-д гуравхан дагагчтай байсан. Миний хувьд сошиал медиагийн бүх сувгуудыг зэрэг ашиглаж, солонгоруулж явсан. Ингэхдээ яавал олон хүн үзэх вэ гэдэг талаас нь харж эхэлж байсан. Гол нь хүмүүсийн дуртай сэдвүүд юу байна гэдгийг ажигласан.Шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхэд Brainstorming арга гэж байдаг. Ерөнхийдөө тэр зарчмаар хүмүүс хэрхэн, яаж гэдэг видеонд дуртай байдаг учраас өөрийн мэдэх сэдвээрээ буюу англи хэл сурах, АНУ-д сурах талаар видеонууд оруулж, хүмүүст хүргэж байсан.Хүн юу гэж бодно уу надад хамаагүй байдаг болохоор өөртөө тохиолдсон хөгжилтэй явдлуудыг яриад, тэрнээс хойш үзэх хүмүүс нэмэгдсэн.

-Эхлүүлсэн зүйл нь ийм хэмжээнд хүмүүст хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Үгүй ээ, хэзээ ч төсөөлж байгаагүй. Сиатлд ирэхээсээ өмнө миний бичлэгнүүд ийм олон хүндхүрдэг гэдгийг мэдээгүй явсан. Монголчуудын наадмаар очиход таарсан хүн болгон “Ардын аниа Жижи” байна гээд таниад, хүндэтгэлтэйгээр угтаж авахад маш сайхан санагдаж байсан. Youtube-ийн Silver button-ийг авах байтугай, ийм шагнал байдгийг ч мэддэггүй байлаа. Зүгээр л тууштай хийсний үр дүн болов уу гэж боддог.

-Хүмүүсээс ирж байсан шүүмж, сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хоёр, гурван удаа айхавтар хэл аманд орж байсан. Өглөө босох болгонд хүүхдүүд, өсвөр насныхны үзэн ядсан сэтгэгдлүүд олноороо ирсэн үе бий шүү. Эхэн үедээ надад хэцүү байдаг байсан. Нэг л өглөө олон мянган хүн дайраад эхлэхээр ямар ч өөдрөг хүн гэмтэнэ. Бичлэгнүүдээ хиймээргүй айдаст орох үе байсан ч дотоод эрч хүчээ дахин бий болгосон. Цаг хугацаа өнгөрөөд хийх юмаа хийсээр байхад хүмүүсийн бодол буцаад л эргэдэг юм байна лээ. Би ер нь сөрөг зүйлсийг бодоод, тээгээд явах дургүй дорхноо мартчихдаг.

-Lil Puma та хоёрын дунд болоод өнгөрсөн асуудлыг тавилттай байсан уу гэж зарим нь хардаж байсан?

-Ямар ч тавилт байхгүй ээ.Аль алинд нь болоод өнгөрсөн л зүйл.Түүнээс хойш хоорондоо холбогдоогүй.

-АНУ-д хэр удаан амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ? Монголдоо ирэх бодол бий юу?

-5-р сард 3 сарын хугацаатай Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа. Зун болгон очдог боловч энэ жил коронагаас болоод очиж амжсангүй. Хүн чамаас хамгийн хайртай гурван зүйлээ нэрлэ гэвэл нэгдүгээрт эх орон гэж хариулах ёстой гэдэг. Монголд очоод хамгийн түрүүнд эх орноороо сайхан аялахыгхүсч байна. Монголын байгалийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Хэдийгээр гадаадын өндөр хөгжилтэй оронд байгаа ч эх орондоо маш их хайртай.

-Таны бодлоор америкчуудын соёлоос суралцах зүйлс юу вэ?

-Эндхийн хүмүүс хоорондоо маш нээлттэй, гадуур явж байхад танихгүй хүн дотны найз шиг нь харьцаж чаддаг нь гоё санагддаг. Нэг түүх ярихад анх энд ирээд монголчууд багатай газар удаан амьдраад монгол хүний мөрөөсөл болчихсон байсан. Тэгээд Монгол руу буцах замдаа Солонгосын онгоцны буудал дээр хоёр монгол хүний яриа сонсогдоод бүр баярлаад тэнд явж байсан ээж, охин хоёр руу “Сайн байна уу?” гэсэн чиньминий өөдөөс “Ёо, цочих гэж” гэчихээд яваад өгсөн.Тэгэхээр монголчууд маань нээлттэй байгаасай гэж хүсдэг. Хоёрдугаарт: цагийн менежмент. Гуравдугаарт: хувийн зохион байгуулалт. Маргааш хийх юмнуудаа өмнөх орой нь төлөвлөөд, хийж сурах нь гадаад оронд ер нь хаана ч очсон хэрэгтэй ур чадвар.

-Үзэж, сонсдог олон хүмүүст өөдрөг үзэлтэй хүн шиг санагддаг болов уу. Сэтгэлээр унах үедээ эрч хүчээ яаж сэлбэдэг вэ?

-Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байх дуртай. Хувь хүн ганцаараа байж сурах хэрэгтэй. Би сэтгэлийн хөдлөл ихтэй хүн болохоор энэ зан чанар маань намайг түшиж өгдөг байх. Миний гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг байдал нь намайг дандаа цэнэглэж өгдөг. Тиймээс ээж, аав, эмээ, өвөөдөө маш их талархдаг. Мөн Мон-Турк сургууль миний амьдралын өөрчилсөн гэж болно. Мон-Турк сургуульд гадаад хүмүүс, гадны соёлыг хараад миний өмнө олон боломжууд нээгдсэн. Тэр үед би дуулах дуртай гэдгээ нээгээд сургуулийнхаа дууны тэмцээнд байр эзлээд Турк улс руу үнэ төлбөргүй аялаад, буцахдаа 500 доллартай гэртээ ирж байлаа. Тэгэхээр хүн болгоны дотор нуугдсан алмаз байдаг гэж боддог. Тэрийгээ гаргахад орчны багахан дэмжлэг лхэрэгтэй.Хүн өөрөө хичээх юм бол болдог гэдгийг сургууль, хамт олон, багш нар маань надад ойлгуулсан.

-Англи хэл сурах олон арга, зөвлөмжүүд бий. Өөрийнхөө туршлагаас англи хэл үр дүнтэй суралцах топ нэг арга барилыг хэлээч гэвэл?

– Үгийн баялаг, өгүүлбэрийн бүтцийг цогцоор нь сурах хамгийн үр дүнтэй арга гэвэл унших. Тиймээс хамгийн эхлээд ном унш.Хоёрдугаарт ичих нүүрээ элгэндээ наагаад ч хамаагүй яриарай. Тэгж байж өөрийнхөө айдсыг хагалж чадна.

-Монголоос үзэж, сонсдог ”нөлөөлөгч” хүн бий юу?

-Миний ментор Зүүгий эгчийг нэрлэмээр байна. “Мөрөөдөх эрх” гээд номыг бичсэн, англи хэлний сургалт явуулдгаар нь хүмүүс мэдэх байх. Англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст авсан номоороо вебсайтад нэвтрээд, англи багшийн хичээлүүдийг үзэх боломжтой монголд байхгүй системтэй гарын авлага саяхан гаргасан мундаг эмэгтэй бий. Ментор маань намайг онлайн сургалтаа явуулж, “Growth”төлөвлөгч дэвтрээ гаргахад маш их хүч болж, түлхэж өгсөн хүн.

-Саяхнаас төлөвлөгч дэвтэр худалдаанд гаргасан байсан. Энэ санаагаа хаанаас олсон бэ?

-Намайг сурагч байхад хүслийг минь бадраах энэ төрлийн зүйлс хязгаарлагдмал байсан. Хүмүүст хэрэгтэй юм хийж бүтээх хүсэл миний дотор үргэлж байсан. Надад ашигтай юу гэдэг талаас нь ерөөсөө хараагүй ээ. Яаж олон хүнд хэрэгтэй зүйл хийх вэ гэдэг хүсэлдээ хөтлөгдөөд, Зүүгий багштайгаа ярилцаад төлөвлөгч дэвтрээ гаргасан.

-Хайр дурлалын тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд өсөж, хөгжих боломжтой залуу насан дээрээ ээж болохоосоо өмнө өөрийгөө хангалттай хөгжүүлж, байгаа боломжийг тултал нь ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Таны алс хэтийн мөрөөдлийг сонирхож болох уу?

-Миний хамгийн том мөрөөдөл бол их сургууль байгуулах. Яагаад гэвэл олон авьяас, чадвартай хүүхдүүд санхүүгийн асуудлаас болоод түүнийгээ ашиглаж чадахгүй байгааг хараад их харамсдаг. Тиймээс ирээдүйд тэдгээр хүүхдүүдэд боломж олгохыг хүсдэг.

-Контент хийхийг хүсдэг хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө?

-Ямар чиглэлээр явмаар байгаа эхлээд тодорхойл. Чанартай видеоноос эхлэх ёстой болохоор техник хэрэгслүүдээ сайтар бэлдэх хэрэгтэй. Мөн хүмүүсийн сонирхдог сэдвээр эхлүүлж, тэр талаараа сайн уншиж, судлах хэрэгтэй.

Ч.БИНДЭРЪЯА dnn.mn

error: Content is protected !!