Захирлын охиноос Ялгуусаны охин болсон мисс Б.Төгс-Амгалангийн хаана ч сөхөгдөж байгаагүй түүх

Анх олонд Аз Рич компанийн захиралын охин хэмээн олонд танигдсан мисс Б.Төгс-Амгалан өдгөө ээж болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр хөл хорионы үед өөрийн сурч мэдсэн эрдэмээ бусдад хуваалцахаар онлайн сургалт явуулж эхэлсэн аж.

Миний нэрийг Төгс-Амгалан гэдэг. Би соёл судлаач мэрэгжилтэй. Тэр дундаа Буддын бясалгахуйн соёл судлаач. Айлын ууган охины хувьд эрт бие дааж, дүү нараа өсгөж, багаасаа үүрэг харицлагатай байхад суралцаж, мөн ээжийнхээ үгнээс зөрдөггүй, сайн охин байхыг туйлын их хичээдэг жирийн л нэгэн. Тиймдээ ч анх сургуулиа төгсөөд ээжийнхээ зөвлөсний дагуу Хятад хэлний багш, орчуулагч мэрэгжлээр бакалаврын зэргээ хамгаалж, дараа нь ээжийнхээ ажилд туслах үүднээс Business Administration-аар магистрын зэрэг хамгаалсан. Яагаад ийм олон мэргэжил эзэмших хэрэгтэй болсон бэ гэхээр мэдээж ээждээ л туслах гэж шүү дээ.

Олон хүн удирдаж, олон хүнээр хүндлүүлээд ирэхээр хүнд омгийн сэтгэл үүсч, бардам зантай, өөртэй итгэлтэй, ихэмсэг нэгэн болж хувирдаг. Хүмүүс намайг захирлын охин гэдгээр минь биш, хүнлэг энэрэнгүй сэтгэл, хичээл зүтгэл, хийж бүтээснээр минь дүгнэж цэгнэдэг байгаасай гэж хүсэж, цаашид өөрийгөө дайчилж, үргэлжлүүлэн суралцаж, илүү сайн боловсрох хэрэгтэй гэж өөртөө байнга сануулдаг байлаа. Ингээд хэсэг хугацаанд ээжийнхээ дэргэд ажилласнаар, анх удаа зориг орж өөрийнхөө жинхэнэ хүсэж мөрөөддөг тэр л зүйлээ судлахаар шийдээд СУИС-д соёл судлалаар суралцаж эхэлсэн. Мэдээж судалгааны ажлаа сайн хийхийн тулд Буддын гүн ухааныг нарийн судлахын зэрэгцээ төвөд хэлийг ч мөн эзэмших хэрэгтэй болсон юм. Энэ бүгдийг нэгэн зэрэг зааж чадах сургууль хайж явсаар Жавзандамба Хутагт төвийн Буддын судлал-Төвөд хэл зүйн ангид суралцаж төгсөөд одоо ч мөн номоо үргэлжлүүлэн үзсээр байгаа Энэ бол миний амьдралын хамгийн аз завшаантай алхам болсон.

Сурч боловсрох туйлын их хүсэл тэмүүлэлтэй, номонд хайртай, орчлон ертөнц, амьд бодьгалын талаар ихэд сониуч зантай хүүхэд байсан хэдий ч, энэ бүгдийг сурах замнал минь харагдаж байгаа шигээ амархан, дардан шулуун байгаагүй юм. Анх 10-н жилийн онц сурагч, хоёр удаа дэвшиж 16 настай сургуулиа төгсөхдөө одоо үргэлжлүүлээд наймхан жил сурчихвал эрдэмтэн болнодоо гээд чимээгүйхэн дотроо зорилго тавьж билээ. Ингээд гадагшаа явж суралцсан боловч хүндээр өвдөөд, буцаад гэртээ ирж эмчлүүлээд түүнээс хойш сурах хүсэл зориг минь бүр мөсөн бөхөж, гурван ч удаа сургуулиа сольж явсаар, найман жилийн дараа арай хийж нэг юм бакалавраа хамгаалсан даа. Олон жил өвдөж, гадаад дотоодоор зөндөө явж эмчлүүлээд, нэмэргүй болоод ирэхлээр, бүр туйлдаа хүрч Бурханд ч итгэхээ байж, буруу үзэлтэй болоод, аргаа барсандаа бөө, тэнгэр, тэрсүүд, үзмэрч, засалч, домч гээд чаддаг, мэддэг гэсэн болгон руу гүйж очиж их л зүдэрсэндээ хөөрхий. Мунхаглалд хязгаар үгүй гэж Багш минь нэгэнтээ хэлж билээ.

Зөв үзэл тогтсон хүнд хэн ч худал хуурмаг зүйлийг тулган хүлээлгэж чадахгүй гэдэг. Ямартаа ч Багш дээдсийн захиас, асрал энэрлээр ангалын ирмэгээс амьд гарсан юм. Энэ бүхний эцэст амьдралд жаргал, зовлон юу ч тохиолдсон сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалж, чухаг дээдэд итгэх, итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ ахиж хэзээ ч алдахгүй байхад суралцсан. Миний орчлонгийн өнгөнөөс олж авсан хамгийн ховор, үнэ цэнэтэй хичээлүүд Хүнд зөв үзэл тогтоод ирэхээр, оюун ухаан тунгалагшаад, бие махбодь илааршаад, сэтгэл ч амгалан болж ирдэг. Үнэндээ энэ бүх өвчин эмгэг, зовлон бэрхшээл сэтгэл долгисолоос л үүдэлтэй байсан юм хэмээн өөрийн түүхээ хуваалцсан юм.

error: Content is protected !!