Нөхөр нь экипажтайгаа осолдож нэгэнт үгүй болсон хар мэдээг хорьхон настай залуу бүсгүй сонсчээ

Усан бороо шаагисан зуны хүйтэн зэврүүн өдөр. Тэнгэр бүүдгэр манантай, хүчтэй салхи ширүүн бороог үе үе хүссэн зүгтээ намируулан хийсгэнэ. Гадаа хөл хөдөлгөөн татарсан ч Мөрөнгийн нисэх онгоцны буудалд онгоц ирэхийг хүлээсэн хүмүүс битүү. Тэдний дунд хонгоо давсан гэзгээ хоёр салаа сүлжсэн залуухан бүсгүй өлгийтэй хүүхдээ тэврэн нааш цааш холхих нь содон. Буудлын узелээр цаг агаарын байдлаас болж нислэг хойшилсныг зарлахад хүмүүс цувран явсаар бүсгүй ганцаар буудалд үлдэв. Харин бүсгүй нөхрөө экипажтайгаа нааш нэгэнт ниссэнийг мэдэж байгаа тул хүлээх ёстой. Гэтэл буудлын дарга баргар царайлсаар хөлөө зөөж ядан бүсгүйг чиглэн ирээд Оюунгэрэл ээ, нааш ирээ охин минь… гээд санаа алдан мөрөөр нь тэврээд өрөө рүүгээ авч орлоо. Нөхөр нь экипажтайгаа осолдож нэгэнт үгүй болсон хар мэдээг хорьхон настай залуу бүсгүй сонсчээ.

Газар харанхуйлж тэнгэр хөмрөх шиг болж. Энэ мөчид амьдралыг гэгээлэг сайхнаар хардаг байсан гоёмсог ягаахан шил тасхийтэл хагарчихаж билээ гэж энэ түүхийн эзэн надад ярихдаа өгүүлж байж билээ. Хорь гаруй жилийн өмнө сонссон түүх. Хорьхон насандаа бэлэвсэрч хоцорсон бүсгүй, өнчирч хоцорсон хүүг өрөвдөх энэрэх нь байсан ч өөнтөглөж шоглох нь түүнээс ч олон байж. Харин насан туршид нь түүгээр нь өөнтөглөх юм гэж хэн ч төсөөлөхгүй бизээ. Улстөрийн байр суурь, зарчмын үүднээс шүүн хэлэлцэх нь байж болох эрүүл үзэгдэл. Харин бурхны тааллаар өрнөх хүний амьдрал, хувь тавиланг хэн шүүх билээ дээ…Бүсгүй хоёр дахь амьдралаа зохиож хөөрхөн охинтой болж. Харин тэр нь үүрдийн амьдрал болж чадсангүй.

Гэсэн ч бүсгүй амьдралд дахиад л бэлэн байсан, тэр дараагийн бүтэлгүй эр гэрлэх санал тавихыг бүсгүй бүтэн хорин жил хүлээсэн. Харин яагаад хэн ч түүнд санал тавиагүй юм бол доо…Монголын улстөрд Х.Хулан гэж хулан шиг омголон бүсгүй байв даа. Бас л гуч гартлаа ганцаар явсан. Түүнд гэрлэх санал тавих зоригтон С.Баяраас өөр гараагүй гэдэг. Аз болж С.Баяр санал тавьсан. Монгол эмэгтэй хүн бол монгол л эмэгтэй. Хэн нэгэн санал тавихыг л хүлээхээс өөрөө түрүүлдэггүй монгол эмэгтэйн мөн чанар. Би үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл, Эрчүүд минь зоригтой байж харж хайрлаж явдаг бүсгүйгээсээ огтоос айж эмээлгүй санал тавьж байгаарай! л гэж хэлэх гэсэн юм…

Дараа нь өөр хүнд алдчихаад араас нь гоншгонож байхаар хэлээд үзээд алдсан байсан нь дээр шүү л гэх гэсэн юм. Өөр ч юмгүй дээ..Uyanga Gantumur P.S. Миний бие Оюунгэрэлийг сонгуульд дэмжиж байгаа биш бөгөөд, нэр дэвшигч биш тул дэмжих ч боломжгүй юм. Харин юу юуны тухандгүй улаан хамгаалагчид энэ бүсгүйн хувийн амьдрал руу дайрч доромжилж, сэтгэлийн шарх руу нь давс цацан сэдрээж буйг жигшин эсэргүүцэж байгаа. Ийм жигшүүрт хэрэг хийж байгаа хүмүүс яахаас ч буцахгүй. Хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Ингэж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ээ…

error: Content is protected !!