ОХУ-д өнөөдөр газар хөдөлнө гэсэн үндсэн мэдээтэй байгаа болохоор газар хөдлөлт үргэлжлэх магадлалтай байна

05:30 цагийн үед Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт зургаан удаагийн давтамжтай болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн юм.  Иймд тус суманд нөхцөл байдал ямар байгааг Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга Д.Баасансүрэнтэй утсаар холбогдож тодрууллаа. Ханх сум нийт 2,800 гаруй хүн амтай бөгөөд энэ удаагийнх шиг хүчтэй газар хөдлөлт сүүлийн 10 жилд болоогүй юм. 

– Сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлт хэр мэдрэгдсэн бэ?

– 05:33 минутад бүх айл өрх газар хөдлөлтийг мэдэрсэн. Тэр үеэр төвд байшингууд ортойгоо айхтар хөдлөөд, хөдөө орон нутагт телевизор, толь, тавилга нь хагарсан, зарим сургууль, байгууллагуудын объект цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан.

– Давтамж нь хэр байсан бэ. Одоо ямар байна? 

– 05:33 цагаас хойш 08:10 цаг хүртэл нийт долоон удаагийн давтамжтай газар хөдөлсөн. Сая 10 минутын өмнө Засаг даргын тамгын газрын байрнаасаа албан хаагчдаа гаргаж, орон гэр рүү нь тараагаад, сумын удирдлагууд нэг давхар байрны конторт нь байна. ИТХ-ын дарга, Сумын засаг дарга, орлогч дарга, тамгын газрын дарга, бусад бие бүрэлдэхүүн зэрэг цөөн хэдэн хүн одоо ажиллаж байна. Хоёр давхар байранд байх ямар ч боломжгүй байгаа.

05:30 цагаас хойш хүмүүс ажиллаад, цууралт өгсөн барилга байгууламжаа явж үзэж явна. 

Мөн нялх хүүхэдтэй хүмүүс болон албан хаагчид давхар байранд байх боломжгүй байгаа учраас ах дүүгээрээ бөөгнөрч, аюулгүй байдлаа хангаад, дулаан хувцсаа өмсөх заавар зөвлөмжийг өгөн ажиллаж байна.  

– Хохирлын хэмжээгээ тодорхойлж байна уу. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа юу?

 – Одоогоор бол төв контороо нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Ард иргэддээ мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгээ тухай бүрд нь өгч байгаа. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, дулаан хувцаслаад, аль болох тайван байх зөвлөмжийг өгсөн. Ерөнхийдөө бүх иргэд маань айсан сандарсан байдалтай, эмнэлэг ачаалалтай байна.

Ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг томилогдоод гарчихсан. Барилга байгууламжийн хананууд их цуурсан байна. Бид зарим албан хаагч, багуудаасаа мэдээлэл авч амжаагүй явна. 

– Дахиж газар хөдлөлт болох мэдээлэл байна уу?

– ОХУ-д өнөөдөр газар хөдөлнө гэсэн үндсэн мэдээтэй байгаа болохоор газар хөдлөлт үргэлжлэх магадлалтай байна.

error: Content is protected !!