Б.Алтансувд: Нөхөр маань миний төлөө дохионы хэл сурсан

Авьяаслаг Монголчууд шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ.

Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан нээлтээ хийсэн Seasons of Love кино контентод гол дүрд тоглож, уг кинонд өөрийн бүжиглэх чадвараа ч давхар харуулжээ. Өөрийнхөө кинонд тоглосон талаараа, Монголд анх удаа сонсголын тусгай хэрэгцээт иргэн киноны гол дүрд тоглосон явдал байж магадгүй гэв.

Б.Алтансувд өөрийн амьдралын хайрынхаа талаар, нөхөртэйгөө танилцсан түүхээ хуваалцвал манай үеэл дүүгийн найз дүүтэйгээ авахуулсан зургийг маань хараад надтай танилцахыг хүсч холбогдож байсан. Тэгээд 5 сар гаруйн хугацаанд сайн уу, сайн гээд л чаталсан. Нөхөр маань дохионы хэл мэдэхгүй учраас илүү их зүйл ярилцаж чаддаггүй байсан ч тэр үе надад маш гоё санагддаг байсан.

Дараа бид анх удаа болзоод Сүхбаатарын талбай дээр уулзахад намайг ямар жижигхэн юм бэ гээд шоолоод инээж байсан нь хөгжилтэй байсан. Хайр гэдэг магадгүй нэг нэгнээ хүндлэх, халамжлах, хамтдаа аз жаргалаар дүүрэн байхыг хэлдэг байх.

Нөхөр маань миний төлөө дохионы хэл сурсан. Намайг үргэлж дэмжиж, урам зориг, эрч хүч өгдөг хайртай ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо бид гурван настай хүүхэдтэй. Би өдөр бүр амьдрал ямар сайхан юм бэ гэж боддог хэмээн хуучлав.

error: Content is protected !!