Дуудлага худалдаагаар тээврийн хэрэгслийн нэг дугаар ₮60 гаруй саяар зарагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэ

Азын гэх тодотголтой улсын дугааруудыг өнөөдрөөс эхлэн цахим дуудлага худалдаанд оруулж байна. 

Иргэд auction.transdep.mn сайтад бүртгүүлж, дэнчин төлснөөр өөрийн оршин суух харьяаллын дагуу улсын дугаарыг сонгон дуудлага худалдаанд оролцох боломжтой. 

Дуудлага худалдаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим дуудлага худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ өдөр хэдэн дугаарыг дуудлага худалдаанд оруулж байна вэ?

-Нэг өдөрт 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Ингэхдээ үдээс өмнө болон үдээс хойш 10, 10 дугаарыг цахимаар дуудлага худалдаанд оруулах юм. Өнөөдөр үдээс өмнөх дуудлага худалдаанд орсон эхний 10 дугаарын ес нь зарагдсан. Нэг дугаарынх нь үргэлжилж байна. 

Улсын дугаарын цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-н хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна.

-Одоогоор дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан дугаар хэдэн төгрөг хүрсэн бэ?

-Нэг дугаар 60 гаруй сая төгрөгөөр худалдаалагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэ болоод байна. Дуудлага худалдаа өндөрлөснөөр хойш 24 цагийн дотор тухайн иргэн мөнгөө төлж, дугаараа зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд авах боломжтой. 

-Цахим орчинд нэг дугаар 350 сая гаруй төгрөгөөр худалдаалагдах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна?

-Тэр дугаарын дуудлага худалдаа үргэлжилж байна. Иргэд хөөсрөл үүсгэж, үнийг нь хий хөөрөгдөж байна гэж үзэж байна. 10:40 цагийн орчимд энэ дугаарын үнэ 400 орчим сая төгрөг болоод байна. Дуудлага худалдаанд оролцогчид өөрсдийн хүссэн үнийг хэлэх боломжтой. 

-Дуудлага худалдааны ялагч хэлсэн үнээрээ дугаараа авч чадахгүй тохиолдолд яах вэ?

-Дуудлага худалдаа хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулна.Дуудлага худалдаанаас олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу азын гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж эхлээд байгаа юм.

Энэ талаар Авлигатай тэмцэх газраас Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-д өөрчлөлт оруулах замаар авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа зөвлөмж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ зохион байгуулах албан бичиг, журмын төсөл санал өгөх албан бичиг хүргүүлж, журмын төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Үүний үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ыг бүхэлд нь шинэчлэн баталж, ингэснээр автотээврийн хэрэгслийн “азын” гэх тодотголтой улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон” хэмээн өмнө нь мэдээлж байв.

error: Content is protected !!